Эрх зүй

Вакум сургалтад хамрагдаж байсан төгсөх ангийн охидод порно кино үзүүлсэн гэдэг мэдээлэл өнөөдөр гарлаа. English school of Mongolia сургуулийн сурагчид хэлний мэдлэгээ сайжруулахын тулд тав хоног гэрээсээ хол вакум орчинд суралцдаг байна. Гэтэл хичээл удирддаг гадны багш порно кино үзүүлсэн гэдгийг хүүхдүүд эцэг эхдээ хэлжээ. Хууль хяналтын байгууллагад хандахаар төлөвлөж байгаа эцэг эхчүүдийн мэдээллийн дагуу энэ сургуулийн удирдлагуудаас тодруулга авлаа.

"English school of Mongolia" сургууль төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа вакуум сургалтынхаа үеэр сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Насанд хүрэгчдэд зориулсан гэх энэ кино нь "The handmaid’s tale" кино байгааг зарим эцэг эхчүүд хэлж байна. Тус кино нь 2000 онд бүтээгдсэн драма, сэтгэхүйн төрлийн кино байгаа юм. Кинонд хүчирхийлэл, сэтгэхүйн тогтвортой бус араншин, цус нөж, дарамт зэргийг харуулдаг байна. Энэ киног үзсэн 11 дүгээр ангийн охид ээж нартаа утсаар мэдэгдэж бидэнд ийм төрлийн кино яагаад үзүүлснийг ойлгохгүй байгаа тухайгаа хэлжээ. Энэ асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн эцэг эхчүүдийн төлөөлөл бидэнд утсаар мэдээлэл өгсөн юм.

Энэ асуудалд сургуулийн удирдлагууд эсрэг байр суурьтай байна. Үүнийг сургуулийн нэр төрд халдсан, худлаа мэдээлэл гэж тайлбарлалаа. Сургуулийн багш нар ч мэргэжлийн багшлах эрхтэй, зэрэгтэй хүмүүс гэдгийг сургуулийн захирал хэлсэн юм.

Сурагчдад кино үзүүлэх үед киноны буланд +18 гэж насны хязгаарыг тавьсан байсан тухай ч хүүхдүүд эцэг эхчүүддээ хэлсэн байна. Сургалтаар кино үзүүлэх тохиолдол байдаг ч +18 заалттай кино үзүүлж болохгүй гэж эцэг эхчүүдийн зүгээс хэлж байна. Вакумжуулсан сургалт дууссаны дараагаар зарим эцэг эхчүүд хууль хяналтын байгууллагад гомдол гаргах тухай бидэнд мэдээллээ.