Эрх зүй

БНХАУ-ын иргэд хуурамч эртний эдлэлийг манай улсын иргэдэд зарж иргэдийг хохироож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Хятад улсын иргэд нь Мин гүрний ховор олдворууд Монголын нутгаас олдсон гэж иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байжээ. Тухайлбал, мөнгөн еэмбүү, хуучин мөнгөн дэвсгэрт зэргийг өндөр үнээр иргэдэд худалдаж байсан байна. Тэднийг цагдаагийн байгууллага шалгаж байна.  

БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хураан авчээ. Тэд Хятадын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна гэх зарыг иргэд, олон нийтэд хүргэдэг байсан байна.

Хураагдсан ембүүнүүдийн 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан байжээ. Хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байсан байна. Эдгээр ембүүг иргэдэд үзүүлж, хуурмч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явад тогтоогджээ. Эд зүйлсийг 10-р сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирсэн байна. БНХАУ-ын иргэд хураагдсан эд зүйлсийг цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйлс гэж хилээр оруулж ирсэн байна. Энэ бүлэглэл Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсад удаа дараа зорчиж байжээ. Улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байж болзошгүйг нөхцөл байдал илэрснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.