Эрх зүй

Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтан хуйвалдаж, нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр дугаар бүхий гэрчилгээ гаргаж бүртгэлийн системд худал мэдээлэл оруулсан, мөн хахууль авсан зэрэг хэргээр шалгагдаж байна. Тэдний гэр, ажлын байранд нэгжлэг хийж хорих 461-р ангид саатуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллага мэдээллээ.

Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нар үгсэн хуйвалдаж, Есөншижир банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч, уг компаниас 2.1 сая төгрөг авсан хэрэгт холбогджээ. Мөн түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил дугаарыг burtgel.transdep.mn сайтаас хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хээл хахууль авч зарах, хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгосон зэрэг хэрэгт холбогджээ.  Ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгор зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтанг шалгаж байгаа гэлээ.

Хэрэгт холбогдсон авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудын гэр ажлын байранд нь нэглэг хийн, 48 цагаар хорих 461-р ангид баривчлан шалгаж байгаа юм байна.