Эрх зүй
Үндсэн хуулийн цэцийн даргыг баривчилсан гэдэг мэдээллээр сошиал орчин давалгаалж байна. Цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс руу нисэж байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан тул баривчилсан гэдгийг Солонгосын томоохон хэвлэлүүд эхний нүүрэндээ нийтэлжээ. Харин Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэл гаргасан байна. Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт бус ийм үйлдэл гаргаж байсан иргэнд шаардлага тавьсан гэдгийг онцолжээ. 

Өчигдөр буюу 10 сарын 31-нд Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явсан Монгол улсын төрийн албан хаагчид онгоцонд зүй бус үйлдэл гаргасан талаар БНСУ-ын цахим сайтуудын нийгмийн булан хэсэгт тавигдсан байна.  Yohhap, Chosun , News.sbs, MК зэрэг сайтуудад мэдээлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан 42 настай А нар онгоцны үйлчлэгчийн биед хүрч зүй бус авирласан тухай бичсэн байна.  Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 20 настай үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн бол дагалдан явсан эрхэм мөн өөр үйлчлэгчийн мөрөнд хүрэх зэргээр бүдүүлэг аашилсныг бэлгийн дарамт гэж үзэж байгаа юм. Энэ тухай дуудлага мэдээллийг онгоцныхон цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр онгоц буух үеэр цагдаа нар ирж тэднийг саатуулсан тухай бичсэн байна.  Хэдийгээр тэднийг байцаагаад сулласан ч эргэн уг хэрэгт дахин дуудаж болзошгүй байна. Учир нь Өмнөд Солонгос улс охид эмэгтэйчүүдээ хамгаалах тал дээр хуулийн чанга заалттай.   Хүн рүү удаан ширтэх, зөвшөөрөлгүй зургийг нь дарах, биед нь хүрэх зэргийг хуулиар шийддэг тогтолцоотой. Өмнөд Солонгос улсын эмэгтэй прокурор Со Жи Ён Хууль зүйн яамны нэгэн ажилтан түүнийг хүчирхийлж байсан тухайгаа олон нийтэд дэлгэснээр Metoo хөдөлгөөн Өмнөд Солонгос улсад нэвтэрч байсан юм. Үүнээс үүдэн бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөж байсан охид эмэгтэйчүүд Meetoo хөдөлгөөнд нэгдэж нэр бүхий улс төрчид, тамирчид, дасгалжуулагчдаа илчилж байсан удаатай.  Энэ нь БНСУ хуулийн маш хатуу тогтолцоотой, Монгол улсын иргэдийн зарим тоолгүй өнгөрүүлдэг үйлдлийг  ч хуулийн байгуулллагаар шалгуулж шийдүүлдэгийн тод жишээ юм. Тэгвэл уг хэрэг цахим орчинд тавигдсан даруйд Монгол улсын үндсэн хуулийн цэцээс мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд дурьдсанаар Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.  Иймд үндсэн хуулийн цэцийн дарга Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн цэцийн дарга Одбаяр уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан болно гэжээ.  Мөн уг асуудлын талаар УИХ-ын дарга Занданшатар тайлбар хийлээ.

Хэдийгээр Монголын талаас ийм тайлбар хийж байгаа ч БНСУ-ын нэр бүхий зургаан сайтад энэ тухай мэдээ нийтлэгдсэн байна.  Хэрвээ хэрэг үнэн бол Өмнөд Солонгос улсын жишгээр албан тушаалаасаа огцрох, мөнгөн торгууль өгөх зэргээр шийтгүүлэх заалттай. Учир нь бэлгийн дарамт гэдэг хувь хүний нэр төр, бие даасан байдлыг үл хүндэлж обьект маягаар хандсан үйлдлийг хэлдэг.  Манай улсын хувьд үүнийг шийдэх хуулийн зүйл заалт 2015 оны эрүүгийн хуулийн 12,4-р зүйл буюу Бэлгийн дарамт гэсэн хэсэгт байсан ч 2017 онд  хуулийг шинэчилснээр уг заалт үгүй болсон юм.