Эрх зүй

Монголын тагнуулынхан цахим гэмт хэрэг үйлдэж болзошгүй байдлыг зогсоолоо. Тагнуул, цагдаагийнхан урд шөнөөс гүйцэтгэх ажил явуулж одоогийн байдлаар нэр бүхий 5  зочид буудлаас 800 орчим Хятад иргэнийг саатуулаад байна. Мөн өндөр хүчин чадалтай 1000 гаруй компьютер 10 мянга гаруй гар утас, сим карт хураан авчээ. Урд хөршийн иргэд манай улсад өнгөрсөн наймдугаар сараас эхлэн аяллын виз ашиглан цөөн тоогоор орж ирсээр энэ тоонд хүрсэн гэдгийг ТЕГ-ын дарга хэлж байна. Одоогоор Монгол улсын нэг, Хятадын 4 иргэнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Цаашид ч гүйцэтгэх ажлыг үргэлжлүүлж саатуулагдсан иргэдийг албадан гаргана гэлээ. 

Өндөр хүчин чадал бүхий компьютер үүрэн холбооны операторуудын олон тооны сим карт ашиглан манай улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хятад иргэдийн тоо цаашид ч нэмэгдэх магадлалтайг албаны хүмүүс хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Амар, Кентавр, Юнион, Ориентал гэх томоохон таван зочид буудалд байрлаж байсан 800 орчим хятад иргэнийг саатуулж цахим орчинд үйлдэгдэж болох томоохон гэмт хэргийг таслан зогсоосон гэж албаныхан хэлж байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах энэ асуудлыг тагнуулын байгууллага өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хяналтадаа авч ажилласан гэлээ.

Зарим мэдээллийн хэрэгслээр дээрх иргэд үүрэн холбооны операторуудын дугаар, цахим сүлжээ ашиглан хувь хүн, албан байгууллагын санхүүгийн мэдээлэлд халдаж улмаар луйвар хийдэг байсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Харин ийм зүйл байхгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга онцолж байна. Урьдчилсан байдлаар тус иргэд цахим тоглоом сүлжээ ашиглан мөнгө угаасан байж болзошгүй гэлээ.

ХЯТАД ИРГЭД 1000 ГАРУЙ КОМПЬЮТЕР, 10000 ГАРУЙ СИМ КАРТ АШИГЛАН МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Засгийн газар өнөөдөр энэ асуудлаар хаалттай горимд хуралдан холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон юм. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж уг хэргийг шийдвэрлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн.  Энэ асуудлыг холбогох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэж цаашид цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг засгийн газрын зарим сайд нар онцолж байгаа юм.

Олон тооны Хятад иргэдийг цагдах хорих байр хүрэлцээгүй тул зочид буудлуудад саатуулж байгааг хэллээ. Харин уг хэргийг зохион байгуулсан дөрвөн хятад иргэн нэг монгол иргэнээс хуулийн байгууллага байцаалт авч байгаа юм. Хэргийг шалгаж дууссаны дараа зохион байгуулсан этгээдүүдэд хуулийн харуицлага хүлээлгэж бусад иргэдийг албадан гаргах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Харин олон тооны хятад иргэдийг байршуулсан томоохон зочид буудлууд болоод хяналт, хязгааргүй сим карт олгосон үүрэн холбооны операторуудад нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэйг хуулийн байгууллагын удирдлагууд онцоллоо.

ХЯТАД ИРГЭДИЙГ БАЙРШУУЛСАН ЗОЧИД БУУДЛУУД, ХЯНАЛТГҮЙ ДУГААР ОЛГОСОН ОПЕРАТОРУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ФЭЙСБҮҮК ШУУД