Эрх зүй

Өндөр үнэтэй Саншайн виллиж хотхоны оршин суугчид ундны уснаасаа хордоод байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр гэдэсний халдварт савханцар болохыг тогтоолоо. Олон зуун иргэнд халдварт өвчин тараасан хотхоны асуудлыг Улаанбаатар хотын дарга анхааралдаа авсан байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа, иргэдийг хохироож өвчин тараах нөхцөл байдал бий болгосон этгээдэд хариуцлага тооцно гэдгийг онцоллоо. 

Sunshine Village хотхоны оршин суугчид уснаасаа хордож, зарим оршин суугчид эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Анхнаасаа төвийн шугамд холбогдоогүй байсан учир иргэд ундны усаа гүний худгаас авдаг байжээ. Гэтэл тухайн уснаас гэдэсний савханцар, И коли илэрсэн. МХЕГ, ХӨСҮТ зэрэг байгууллагууд ариутгал халдваргүйтэл, оршин суугчдыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байгаа. Үүссэн асуудалтай холбоотойгоор хотын даргын зүгээс үүрэг чиглэл өгчээ. Мөн төвийн шугамд холбогдоогүй бүсүүдэд байгаа орон сууцны газрууд, албан байгууллагуудад ариутгал халдваргүйтэл хийхийг сануулсан байна.

Удахгүй тус хотхонд явагдаж байгаа шалгалтын ажил дуусна. Үүний дараа ямар арга хэмжээ авах нь тодорхой болох юм. Бид энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.