NHK: Шинзо Абэг хамгаалж байсан цагдаа нар буудсан этгээдийг эхний буун дуу хүртэл анзаараагүй

Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэ буудуулж амиа алдсан газарт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар анхны буун дууг сонсох хүртлээ цугласан хүмүүсийн дунд сэжигтэй эрийг таниагүй гэж Японы олон нийтийн NHK телевиз Бямба гарагт мэдээллээ.

Абэ Ням гаригт болох Дээд танхимын сонгуулийн сурталчилгааны үеэр баруун зүгийн Нара хотод үг хэлж байхдаа зэвсэгт этгээдэд буудуулж нас барсан. Цагдаагийнхан Нара хотын оршин суугч 41 настай зэвсэгт этгээд Тэцуя Ямагамиг хэргийн газраас баривчилжээ. Ямагами 2005 он хүртэл гурван жил Далайн батлан хамгаалах хүчинд (MSDF) ажиллаж байсан хүн болохыг NHK эх сурвалжаас иш татан мэдээллээ. Түүнийг газар дээр нь баривчилсан, орон нутгийн цагдаа нар экс ерөнхий сайдыг буудсан газрын орчмоос гар хийцийн буу байж болзошгүй зүйлийг олсон гэж засгийн газар мэдээлсэн байна.

Японы Үндэсний цагдаагийн газраас хэргийн газрын нөхцөл байдлыг эргэн шалгахдаа экс ерөнхий сайдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байсныг ч нарийн нягтлах талаар NHK мэдээллээ. Мөн Абэгийн үг хэлж байсан арын хэсэгт цагдаагийн эргүүл хийж байсан эсэх асуудал ч гарч ирж болзошгүй гэж тайланд дурджээ. Аюулгүй байдлын зарим мэргэжилтэн буутай этгээдийг Абэ руу буудахыг зогсоож чадаагүй цагдаа нарын үйлдэл маш ноцтой гэж онцолжээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида өчигдөр хэлсэн үгэндээ “Энэ бол өршөөгдөх үйлдэл биш”, эрх баригчид “Зохих арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна. Кишида цааш нь хэлэхдээ, Абэг буудсан шалтгаан тодорхойгүй байна. Японы Ерөнхий сайд мөн тухайн үед улс төрийн үр дагаврын талаар таамаг дэвшүүлэхгүй байхыг хүссэн байна.