Тагнуулын байгууллага өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчиллаа

Улс төр

ТЕГ энэ үйл явдалтай холбогдуулан өмгөөлөгч Б.Баасанцогтыг өнгөрсөн шөнө баривчилжээ. Түүнийг шүүгч нарт нөлөөлсөн, эрх бүхий өндөр албан тушаалтай хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн, цахилгаан шатанд ёс бус үйлдэл гаргасан, шүүгч нарт нөлөөлөх замаар бусдыг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гээд олон дуулиан дагадаг юм. Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогт гэж хэн бэ.   

2021 оны 1 сараас эхлэн өмгөөлөгч Б.Баасанцогт хэмээх нэр иргэдийн дунд танигдаж эхэлсэн. Түүнийг цар тахлын хатуу хөл хорионы үеэр нэгэн орон сууцанд нэр бүхий гурван шүүгчтэй хамт архидан согтуурсан. Тэр газраасаа гарахдаа лифтэнд нэгэн эмэгтэйтэй зүй бус байдлаар харьцсан буюу оцогносон гэдгээр нь ч олон нийт мэднэ. Харин түүнтэй байсан гурван шүүгчийг сахилга хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлж харин Б.Баасанцогтын өмгөөлөх эрхийг хоёр жилээр хасаад байгаа юм.

Мөн түүнийг шүүгч нарт нөлөөлөх зорилгоор 11 шүүгчид авлига өгсөн байж болзошгүй, садар самуун биеэ үнэлэлт зохион байгуулсан, шүүгч нарт нөлөөлөх замаар бусдыг хэлмэгдүүлсэн байж болзошгүй зэрэг үндэслэлээр шалгаж байгаа юм. Учир нь Энхсайхан, Баярцогт, Баяр зэрэг улстөрчид ял сонсоход ялын тогтоолыг уншиж байсан Насанбат прокурортой энэ хүн тун ойр харилцаатай байсныг ч эх сурвалжууд хэлдэг.

Түүний бас нэгэн дуулиан нь мөнгө шилжүүлсэн баримтууд. Нийтдээ 11 шүүгч болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Гансүхийн эхнэр болон ах руу, мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Тагнуулын ерөнхий газрын ажилтан зэрэг 30 гаруй хүнд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болж байсан юм. Үүнээс гадна  ерөнхийлөгч асан Баттулгын туслахаар ажиллаж байсан Отгонжаргал гэх хүний хувь эзэмшдэг компани өмгөөлөгч Баасанцогт руу 70 сая төгрөг шилжүүлсэн нь ч нийгэмд дуулиан тарьж байлаа.

Энэ дуулиан намжаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас хийсэн мэдээлэлд өмгөөлөгч Баасанцогтын нэр дахин дурьдагдлаа.

Баасанцогтын хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Гансүхтэй ойрын хүн. Энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан юм.

А.Гансүхийг Зам тээврийн сайд хийж байхад өмгөөлөгч Баасанцогт МИАТ компанид ч ажиллаж байсан юм. Харин Гансүх нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Баттулгын ойрын хүрээллийн хүн. Баттулга ерөнхийлөгчөөр ажиллах хугацандаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Гансүхийг томилж байсан юм.