Оросын эсрэг хориг саад нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна

Үйл явдал

Украинд дэгдсэн дайн тулаан, үүнээс шалтгаалан Оросын эсрэг тавьсан Барууны улс орнуудын хориг саад зэрэг нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Энэ талаар НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш мэдэгдэн, улс орнуудад хоол хүнс, түлш шатахуун, үр тарианы бордоо зэргийн үнэ нэмэгдэж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ. 

НҮБ-ын мэдээллээр Орос болон Украин улсад дэлхийн нийт наран цэцгийн тосны үйлдвэрлэл, нийлүүлэлтин бараг 50%, мөн улаан буудайн экспортын 30% нь оногдож байдаг юм. Тэгвэл Орос-Украины хямралаас шалтгаалан эдгээр бүтээгдэхүүний экспорт зогсч, улмаар дэлхий даяар хоол хүнсний дутагдал нүүрлэх аюултай байна.

НҮБ-ын тэргүүний мэдээлснээр олон улсын тавцанд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан хоол хүнс, түлш шатахуун, үр тариа, бордооны үнэ өссөөр байна.

Үүнээс шалтгаалаад экспорт, импорт, тээвэрлэлтийн хэвийн байдал алдагдаж, эрэлт нийлүүлэлт зогсонги байдалд орж, энэ нь ядуу буурай улс орнуудад илүүтэй хүнд тусч болзошгүй байна.

Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал улс орнуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаагаас улс орнуудад эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байна.

Суданд хэдэн мянган хүн гудамж талбайдаа гарч амьжиргааны түвшин буурч, талхны үнэ дунджаар 40%-иар нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсч байна. Түүнчлэн Африкийн бусад улс орнуудад, тухайлбал Тунист гурил, үр тариа, сахарын үнэ хоёр дахин өсчээ.