Гахайн зүрх суулгуулсан эрэгтэй амиа алджээ

Үйл явдал

Дэлхийд анх удаа хүнд гахайн зүрх суулгах хагалгаа амжилттай болсон талаар ОУ-ын хэвлэлүүд онцолж байсан. Түүгээр ч барахгүй өвчтөний бие сайжирч байгаа гэж мэдээлж байсан. Гэвч гахайн зүрх суулгуулсан иргэн хагалгаанаас хоёр сарын дараа амиа алдлаа. 

Уг хагалгааг хийлгэсэн 57 настай Дэвид Беннет АНУ-ын Мэриландын их сургуулийн эмнэлэгт амиа алдсан бөгөөд түүний үхлийн шалтгааны талаар эмч нар тодорхой мэдээлээгүй байна. Ямартай ч хэд хоногийн өмнөөс биеийн байдал нь муудсан гэжээ. 

Беннетийн хүү нь гэр бүлээ төлөөлөн эмнэлгийн зүгээс бүх арга хэмжээг авч, эцсийн арга болсон туршилтыг хийсэнд талархсанаа илэрхийлсэн юм.

Беннет зүрх шилжүүлэн суулгахаас нааш аврагдах боломжгүй байсан тул энэ туршилтад орох хүсэлтийн дагуу мэс засал хийгдсэн. Гахайн зүрх суулгуулсан нь түүнд амьдрах баталгаа болохгүй гэдгийг мэдэж байсан талаар хүү нь мэдэгдэлдээ дурдсан байна. 

Өмнө нь амьтны эрхтэнг хүн рүү шилжүүлэн суулгах туршилтууд амжилтгүй болж байсан. Тиймээс Беннет дээр генийн өөрчлөлтөнд оруулсан гахайн зүрх суулгаж туршсан. Ингэхдээ хүний генийг нэмж, гахайн генээс багасгасан гэж ойлгож болох юм. 

Беннет энэ туршилтанд орж хоёр сар амьдарсан. 1984 онд АНУ-ын Калифорни мужид амиа алдах гэж байсан нярай нохой сармагчингийн зүрх суулгаж 21 хоног амьдарч байжээ. Үүнээс харахад Беннет амьтны эрхтэнг шилжүүлэн суулгасны дараа хамгийн удаан амьдарч чадсан тохиолдол боллоо.