Эрүүл мэнд

Коронавирус өвчний халдвар дэлхий дахинд тархлаа. Зарим улс оронд гадны иргэдийг ялгаварлан гадуурхах, доромжлох, биед нь халдах зэрэг үйлдлүүд гарсаар байна. Гадаад улсад амьдарч байгаа монгол хүмүүст ч ийм зүйл тохиолдсон талаар сошиал орчинд бичжээ. Хүн төрөлхтөн энэ өвчний эсрэг олигтой зүйл хийж чадахгүй байгаа нь хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж байгаагийн эхний шинж тэмдэг гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Ийм эгзэгтэй цаг үед айж сандралгүй тайван байж, эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд санууллаа.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар анх БНХАУ-д гарсан. ДЭМБ-аас цар тахал гэж зарласан энэ аюулт өвчин өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд бүртгэгдэж, олон мянган хүний амь насыг авч одоод байгаа юм. Тэгвэл үүнээс үүдэж Европын улс орнуудад Ази хүнийг ялгаварлан гадуурхах, ялангуяа Хятад хүнийг “нүд үзүүрлэх”, биед нь халдах зэрэг үзэгдэл гарсаар байгааг иргэд цахим орчинд нийтэлж байна. Тухайлбал, Английн Лондон хотод суралцдаг 23 настай Жонатан Мок хэмээх Сингапур оюутныг коронавирусийн улмаас Англи иргэн зоджээ. Тэрбээр зодуулсны улмаас мэс засалд орох шаардлагатай болсон байна. Энэ мэтээр Ази хүмүүсийг ялгаварлах хандлага гарсаар байгаа юм. Тэгвэл зарим иргэний энэ үйлдлийг сэтгэл судлаачид архаг стресст орсон хүний паник атака буюу сандрах дайралт гэж үзэж байна. Нийтийг хамарсан гамшгийн үед айж түгшсэн, гарц шийдлээ олохгүй сандарсан, балмагдсан үед ихэвчлэн ийм үйлдэл гаргадгийг сэтгэл судлаачид тайлбарлаж байна. Харин ийм үед аль болох тайван байж эвийн хүчээр асуудлыг даван гарахыг зөвлөж байна.

Ж. ГАНТУЛГА: КОРОНА ВИРУСИЙН УЛМААС АЗИ ХҮМҮҮСИЙГ ГАДУУРХАЖ БУЙ НЬ САНДРАХ ЭМГЭГИЙН ДАЙРАЛТТАЙ ХОЛБООТОЙ

Стрессээ буруу аргаар гадагшлуулан хэн нэгнээс бурууг хайж улмаар бусдыг бие эрхтэн, сэтгэл санаагаар хохироох, нэр хүндэд нь халдах энэ үзэгдэл нь хэн нэгнийг амиа хорлоход ч хүргэх аюултайг сэтгэл судлаачид хэллээ.

Хүн төрөлхтөн энэ аюулт өвчний эсрэг эм, эмчилгээ гаргаж чадахгүй, халдвар авсан, нас барсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүйд хүндээр тусч байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Ийм эгзэгтэй цаг үед айж сандралгүй тайван байж, эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал болохыг зөвлөлөө.