Эрүүл мэнд

Манай улсад ирсэн Францын иргэн коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон. Түүний шинжилгээний хариу эерэг гарсан даруйд ажил дээр нь тусгаарлаж өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлээд байна. Мөн халдвартай иргэнтэй ойр харьцсан хүмүүсийг илрүүлж шинжилгээнд хамруулж байна. Францын иргэнтэй уулзсан, гар барьсан, ойр байсан зэрэг 126 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогдлоо.

"Бадрах Энержи" компанид ажилладаг 57 настай Франц улсын иргэнээс Ковид-19 коронавируст халдвар илэрсэн. Шинжилгээний хариу гарсан даруйд эрүүл мэндийн байгууллагаас 40 хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон, ойрын хавьтлын иргэдтэй холбогдож, тусгаарлах арга хэмжээ авсан. Өчигдөр 23 хүнээс авсан шинжилгээний хариу гарч, халдвар илрээгүй нь болох нь батлагдсан.

Харин өнөөдөр

126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг

ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Франц улсын иргэнийг Улаанбаатар хотод шилжүүлэн авчирсан. Одоогоор биеийн байдал хүндэвтэр, сэтгэл санааны хувьд тогтворгүй, хямралтай байгаа гэсэн юм. Мөн Франц улсын талаас өөрийн иргэнээ шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан байна.

Манай улсад анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Энэ мэдээлэл Франц улсад гарсан нь түүнийг сэтгэл санааны хямралд оруулахад нөлөөлсөн байна. Франц улсын иргэнээс гадна манай улсын иргэд ч олон нийтийн сүлжээгээр явж байгаа зарим худал мэдээлэлд итгэж, сэтгэл санаагаар унах байдал гарч, улмаар СЭМҮТ-ийн тусгай дугаарын утсанд холбогдох болжээ. Гэтэл шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэх, сэтгэл санаагаар унах нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг юм. Тиймээс СЭМҮТ-өөс  иргэдийг тайван байж, дархлаагаа дэмжхийг зөвлөж байна. Харин цагдаагийн байгууллагаас шатахуун болоод хүнсний хомсдол үүсэхгүй тул томоохон зах худалдааны төвүүдэд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

1-р сарын 9-нөөс хойш нийтдээ 1,248 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан. Мөн өнөөдөр Багабаян сувиллын газарт 65, Жаргалтын аманд байрлах сувиллын газарт 23, Сэлэнгэ аймагт найман иргэнийг ажиглалтаас тусгаарлах арга хэмжээ авсан байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Мөн эрүүл мэндийн тусламж шаардлагатай байгаа зарим иргэдэд тусламж үзүүлэхээр эмч томилогдон ажиллаж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ