Эрүүл мэнд

Франц улсын иргэнээс авсан эхний шинжилгээний хариу эерэг гарч, манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэн. Тус иргэнтэй ойр байсан 1-р хавьтлын 98 тохиолдол Улаанбаатар хотод байгааг илрүүлж, шинжилгээнд хамруулжээ. 11 цагийн байдлаар 23 хүний шинжилгээний хариу гарч, халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-өөс мэдээллэсэн юм.

Мэргэжлийн баг томилогдон Франц улсын иргэнтэй ойр байсан хүмүүсээс утсаар болон биеэр уулзаж асуумж, судалгааг авсан байна. Ингээд ойрын хавьтлын 171 тохиолдол байгааг илрүүлж, тусгаарлах арга хэмжээг авчээ. Мөн 1-р хавьтлын тохиолдол бүрээс шинжилгээ авч эхэлсэн. Урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

УЛААНБААТАР ХОТОД БАЙГАА ОЙРЫН ХАВЬТЛЫН 98 ТОХИОЛДЛООС ШИНЖИЛГЭЭ АВЧЭЭ

Эрүүл мэндийн байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг халдвар гарсан газарт ажиллаж байгаа. Тус багтай утсаар холбогдож, Франц улсын иргэнийг Улаанбаатар хотод шилжүүлэн авчирсан. Тээвэрлэлтийн явцад ямар нэгэн хүндрэл гараагүй, биеийн байдал хэвийн байгаа гэсэн юм.

Улаанбаатар хотоос гадна коронавируст халдвар анх бүртгэгдсэн газар болох Дорноговь аймгийн Улаанбадрах сум Бадрах Энержи компанийн кемпд, Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт ойрын хавьтлын тохиолдлуудыг тусгаарлах арга хэмжээг аваад байна. Шинжилгээний хариу үргэлжлэн гарна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ