Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг 2023 оны 10-р сараас хэтрүүлэхгүй байх үүрэг өгчээ

Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг сонсож танилцжээ. 

 

Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ "Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална" гэлээ. 

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Гэвч өнөөг хүртэл энэ чиглэлийн авто замын ажил дуусаагүй байгаа юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарч ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багцын нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй байгаа юм.