Эрүүл мэнд

Өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан. Эдгээр иргэдийн хариу сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогдсон байна. Харин өнөөдөр Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр халдварын голомттой бүс нутагт зорчсон 17 иргэн иржээ. Эдгээрээс хоёр иргэнийг сэжигтэй гэж үзэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна. 11 цагийн байдлаар иргэдийн биеийн байдал хэвийн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Берлин-Улаанбаатарын нислэгээр нийт 104 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчдоос сэжигтэй 12 тохиолдлыг Багабаян дахь сувиллын газарт, таван тохиолдлыг ХӨСҮТ-д ажиглалтад аваад байна. Мөн тус нислэгээр ирсэн хоёр зорчигчид халуурсан, ханиалгасан гэсэн шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаж, тандалт хийж байгаа гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.  

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 250 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ хийгээд байна. Эдгээр тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарчээ. Мөн гуравдугаар сарын 4-нд шинжилгээнд хамрагдсан сэжигтэй нэг тохиолдлын хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.  

ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ирсэн. Зөвлөх баг нь эмнэлгээс шалтгаалах халдвар хяналт, тохиолдлын улирлын тогтолцоог бэхжүүлэх, эрчимт эмчилгээ  сэхээн амьдруулах чиглэлээр сургалт хийж байгаа.

ХАУКЕ ФЛОРИАН ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХ БАГИЙН АХЛАГЧ

Бид сургалт хийхээс гадна, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Эрүүл мэндийн яам болон холбогдох газрууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн явуулж байгаа учраас өнөөдрийн хүртэл Коронавирусын тохиолдол Монгол улс бүртгэгдээгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг сайн ханган ажилласаар байгаа. Бид цаашид сургалтаа үргэлжлүүлэн явуулах болно.

 

ДЭМБ-ын зөвлөх багаас хийж байгаа сургалтыг Улаанбаатар хотоос гадна орон нутагт хийхээр төлөвлөжээ. Мөн сургалтын үеэр Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөн ажиллах юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ