Эрүүл мэнд

Өчигдөр (хоёрдугаар сарын 21-н)-ий онгоцоор ирсэн хоёр хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Нэг нь Вьетнамд сурдаг оюутан бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бол Шанхайд сурдаг нэг оюутан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн байна. Эдгээр иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна гэлээ.

Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна. Хятад улсаас гадна манай улсын иргэдийн хамгийн их зорчдог улсууд болох Хонконг, Сингапур, Тайвань, Тайланд, Япон, Солонгос улсууд халдварын голомт болж байгааг ДЭМБ анхааруулж байна. БНСУ-ын Сөүл, Тэгү, Чэжү, Гуанжу гэсэн дөрвөн том хот, зургаан мужид COVID-19 халдвар бүртгэгджээ. Солонгос улсад өчигдрийн байдлаар 156 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр огцом нэмэгдэж 284 болжээ.

БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан буюу Covid-19 илрээгүй байна. БНСУ-ын Тэгү хотод оюутнуудын амралт 20-ноос эхэлсэн. Маргааш онгоцоор ирэх монгол иргэдийн талаар ямар арга хэмжээ авахыг албаныхан ярилцаж байнаа талаар мэдээллээ.

Шинэ төрлийн коронавирусын нэг халдвартай хүн цаашаа таван хүнд тараах боломжтой гэж үзэж байгаа юм. Тухайн таван хүн цааш тарааж, таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох тоцоог манай улсын эрдэмтэн судлаачид гаргажээ. Манай судлаачдын тооцоо судалгаа зөв болохыг олон улсын жишээнүүд харуулж байгаа талаар эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс энэ тооцоо судалгаанд үндэслэн ЭМЯ авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж байгаа юм байна. Олон хүний төвлөрөл үүсгэхгүй байх нь урьдчилан сэргийлэх маш чухал алхам гэдгийг олон улсад ч зөвлөж байгаа тул иргэд гэр гэртээ байж, ялангуяа баярын өдрүүдээр айл хэсэхгүй байхыг дахин анхаарууллаа. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ