Эрүүл мэнд

БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Син Хайминыг Монгол Улсад ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэргээр томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлснийг ЭМ-ийн сайд Д. Сарангэрэл онцоллоо.

1. Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгагдсан байна.

2. БНХАУ-д 2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтнүүд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээрх сургалтад хамрагдсан байна.

3. Эмчилгээний баг харилцан солилцох чиглэлээр нэлээд ажил хийгджээ. 2017 оны 10 дугаар сард Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хятадын Сансар судлалын төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын эмч нарын баг Улаанбаатар хотод ажиллаж, нүдний төрөл бүрийн эмгэг эмчлэх үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлжээ.

4.  “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд улсын болон тусгай 12 эмнэлэг, 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн эмнэлэг болон 6 сумын эмнэлгүүд болох нийт 48 эмнэлгүүд дээр тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт хийгдэх,  үлдсэн 64 байгууллагуудад зөвхөн тоног төхөөрөмжийн хүргэлт хийгдсэн байна.

5. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр олон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжээд байна.

Үүнд: a) БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг 500 мянган ам.долларын санхүүжилтээр барьж,  150 мянган ам.долларын   эмнэлгийн тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Мөн тус сангаас Налайх, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьж өгсөн.

б) БНХАУ-ын Сон Чинлин Сангаас тус бүр 100,000 юанийн өртөг бүхий нийт 1,000,000.0 юанийн өртөг бүхий 10 ширхэг сүүлийн үеийн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратуудыг тус тус хандивласан.

в) БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны 100 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн. Тэднийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулсан юм. Энэ мэт олон ажил, арга хэмжээ БНХАУ-аас суугаа  Элчин сайд Син Хайминыг Монгол Улсад ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарт хийгдсэнийг ЭМС Д. Сарангэрэл онцолж, түүнд талархал илэрхийлж, хүндэт тэмдгээр шагналаа.