Space X компани сансарт “Сайн дурын баг” илгээжээ

Технологи

Америкийн Спейс Икс компани сансрын уудам руу Inspiration 4 хөтөлбөрийн хүрээнд сансрын 4 жуулчин бүхий Дрэгон хөлгийг илгээлээ.

Фалкон 9 сансрын пуужин зөөгч хөлөг Дрэгон хөлгийг сансрын уудамд гаргасан байна. Энэ удаагийн нислэгээр сансрын жуулчдаас бүрдсэн сайн дурын сонирхогчдын багийг илгээсэн нь сансрын аялал жуулчлалын үйл явцыг дахин нэг шатаар ахиулсан нислэг болсныг тэмдэглэж байна.

Илон Маскийн Спейс Икс компани Дрэгон хөлгөөр сансрын 4 жуулчин, сонирхогчдыг хөөргөжээ. Энэ удаагийн нислэгийн гол зорилго нь Ричард Брэнсон, Жефф Безос нарын компанийн саяхны сансрын нислэгийн араас сансрын уудамд хүссэн хүн бүр хүсвэл нисэх боломжтой гэдгийг нотлох явдал байжээ.

Дрэгон хөлөг Америкийн Флорид мужийн Кеннедийн нэрэмжит сансрын нислэгийн төвөөс хөөрч, энэ үйл явцыг Спейс Икс компанийн сайтан дээр шууд дамжуулан үзүүлжээ. Америкийн НАСА сансрын агентлаг энэ удаагийн Спейс Иксийн нислэгт ямар ч хамааралгүй юм. Энэ удаагийн нислэгийн үнийг Америкийн тэрбумтан, 38 настай Жаред Айзекман төлж, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй багийг ахлан нисчээ. Түүнтэй хамт 3 хоногийн сансрын аялалд Мемфис хотын хүүхдийн эмнэлгийн эмч 29 настай Хейли Арсено, шинжлэх ухааны салбарын шинжээч, геологийн профессор 51 настай Сайен Проктор болон Локхид Мартин сансрын корпорацийн ажилтан 41 настай Кристофер Семброски нар нисчээ.

Inspiration 4 хөтөлбөрийн хүрээнд сансрын уудамд хөөрсөн энэ нислэг нь сансрын тойрог замд хийж байгаа арилжааны, сонирхогчийн анхны нислэг болсон байна.

Crew Dragon хөлөг сансрын уудамд дэлхийгээс 575 км-ийн өндөрт буюу ОУСС-ын өндрөөс 150 км-ийн илүү өндөрт нисч, улмаар багийн гишүүд сансрын уудмаас эх дэлхийгээ тольдож, хэд хэдэн туршилт явуулахаар төлөвлөж байна.