Эдийн засаг

Манай улс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай. Бага хүүтэй зээл олгож гарааны бизнес эрхэлж буй аж ахуй нэгжүүдийг хөл дээр нь босоход туслах зорилготой. Гэвч сангийн шалгуур үзүүлэлт дэндүү хатуу байгааг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна. Тухайлбал олонд танигдсан бүтээгдэхүүнтэй байхаас эхлээд өндөр үнийн дүн бүхий техник хэрэгсэл, бараг зээл авах хэмжээтэй тэнцэх эд хөрөнгөтэй байх гээд дэндүү хатуу шаардлага тавьж байгааг үйлдвэрлэгчид онцоллоо. 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд төрөөс бодлого хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хөндлөө. Тухайлбал Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авахад олон төрлийн шаардлага хангасан байх ёстой байдаг байна. Үүн дотор нь үйлдвэрлэл явуулаад олонд танигдсан байх, борлуулалтын хувь хэмжээг ч тусгажээ. Энэ мэтээр сангаас зээл авч чадахгүй хасагдах тохиолдол их байдагийг үйлдвэрлэгчид учирлаж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд ижил төрлийн импортын бүтээгдэхүүнд хориг тавихаас эхлэх нь зүйтэй гэж тэд үзжээ.

ЖДҮХС-аас нэр бүхий УИХ-ын гишүүд зээл авсан байгаа нь ажлын байр бий болгоод бор зүрхээрээ хөдөлмөрлөж байгаа энгийн иргэдийн авах зээлийг бууруулсан гэдгийг тэд онцоллоо. Өрхийн болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчид 5-20 сая төгрөгийн зээл хүсдэг ч олон шалтгаанаар зээлээс хасагддаг байна. Энэ удаагийн хурлаас тодорхой үр дүнгүүд гарна гэж үйлдвэрлэгчид үзэж байна.

2018 оны эцсийн байдлаар ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй 150 мянга орчим аж ахуйн нэгжээс, 83,086 аж ахуйн нэгж  буюу 80 орчим хувийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, амьжиргаагаа залгуулж байгаа судалгааг гаргажээ.