Эдийн засаг

Монгол улсын нэгдсэн төсвийг Сангийн сайд Ч. Хүрэлбаатар танилцууллаа. Хуулиар 11 сарын 15 гэхэд ирэх оныхоо орлого зарлагыг тодорхойлж, Улсын их хурал нэгдсэн төсвөө батлах ёстой юм. 2020 онд манай улс 12.9 их наяд төгрөгийн орлоготой байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцжээ. Ирэх жилүүдэд манай улс чингис, самурай гээд өндөр үнийн дүнтэй бондуудын өр төлж эхэлнэ. Төсөвт дарамт учруулахгүйгээр менежмент хийх замаар өр төлөх боломжтой гэж харсан байна.

Улсын төсвийн орлого ирэх онд 12.9 их наяд төгрөг байхаар тооцсоны 82.6 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Харин төсвийн зарлагыг 13.8 их наяд байхаар тооцсоны 56.2 хувийг цалин тэтгэвэр тэтгэмж, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулахаар тусгасан байна. Улсын эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдлыг тооцсоны дүнд ирэх онд эдийн засгийн бодит өсөлт 6 хувьтай байх тооцоог гаргажээ.  Ирэх оны улсын төсөв  өмнөх жилүүдийг бодвол бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлог болж байгаа юм. Тухайлбал манай улс түүхэндээ анх удаа 3.5 их наяд төгрөгийг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад зурцуулахаар шийджээ.

Ирэх оны төсөвт утааг бууруулах чиглэлд 137.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бол сайжруулсан түлш тээвэрлэх, түгээх ажилд 41.4 тэрбумыг зарцуулна гэлээ. Үүнээс гадна байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлж экологийн цагдаагийн алба байгуулах ажилд 4.8 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Мөн гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг ирэх онд дуусгаж нэвтрүүлэх хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлэхээр тооцсон байна. Мөн энэ оноос олгож эхлэсэн МСҮТ суралцагчдын тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сурагчдын хоол, үдийн цайны зардлыг 50 хувиар нэмэгдүүлэх,  иргэдийн цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх чиглэлийг баримтлана гэлээ.

Ирэх оны төсвийн алдагдал өмнөх жилүүдийг бодвол харьцахгуй буурсан байна. Тиймээс засгийн газар цаашид алдагдлыг нөхөх зорилгоор дотоодод бонд гаргахгүй гэдгийг Сангийн сайд онцоллоо. 2020 онд Монгол улсын засгийн газраас төлөх томоохон өр төлбөр байхгүй ч 2021-2024 оны хооронд нийт 2.9 тэрбум ам долларын өр төлнө. Өндөр хүүтэй бондын өрийг төсөвт дарамт үзүүлэхгүй байх арга хэмжээг авна гэдгийг хэллээ. Үүнээс гадна манай улс олон улсын санхүүгийн саарал жагсаалтад орох эрсдэл өндөр байгаа тул энэ чиглэлд анхаарч ажиллахаа сангийн сайд онцоллоо.

ФЭЙСБҮҮК ШУУД: