Эдийн засаг

Манай улс Дэлхийн банкнаас хорин сая долларын нэн хөнгөлөлттэй зээл авлаа. Энэ мөнгийг иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, хөнгөлөхөд зориулахаар болжээ. Дэлхийн банк хөнгөлөлттэй зээл олгохоос гадна коронавирусний эсрэг тэмцэлд нэг сая долларын буцалтгүй тусламж үзүүллээ.

Цар тахлын нөлөөллөөс болж эдийн засагт хүндрэл үүсээд байгаа өнөөгийн нөхцөлд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС гэх гурван байгууллага манай улсад буцалтгүй тусламж, нэн хөнгөлөлттэй зээл зэргээр эдийн засгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Дэлхийн банкнаас олгохоор болсон 20 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээлийг онцгой дэглэм тогтоосон өнөөгийн нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин 1 сая долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ.

Дэлхийн банкнаас олгож байгаа нэг сая долларын буцалтгүй тусламжаар цар тахлын эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажиллагсдад нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах юм байна. Олон улсын санхүүгийн байгууллагаас авч байгаа зээл тусламжийн зарцуулалтыг үр ашигтай байлгахад анхаарч байгааг Сангийн сайд энэ үеэр онцоллоо.

ДЭЛХИЙН БАНК ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ НЭГ САЯ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Цар тахлын нөхцөл байдал хэзээ намжих нь тодорхойгүй байгаа өнөөгийн нөхцөлд ирэх онуудад төлөгдөх томоохон бондын төлбөрүүд асуудал болж байгааг тэрээр хэллээ. Тодруулбал манай улс 2021 оноос эхлэн 10 гаруй тэрбум долларын гадаад өр төлбөр төлж эхлэхээс хамгийн эхэнд 2016 онд гаргаж байсан 10.19 хувийн хүүтэй Мазаалай бондын 500 сая ам доллар хүлээгдэж байна.