В.Зеленский: “Бид эх орныхоо төлөө тэмцэж, үнэт зүйлээ хамгаална”

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн парламентад хандан, тусгай мэдэгдэл хийжээ.

Зеленский Британийн парламентын танхимын гишүүдэд видеогоор хандсан юм. Энэ үеэр Британийн парламентын гишүүд Зеленскийд хүндэтгэл үзүүлэн босч, алга ташин угтжээ. 

Украины ерөнхийлөгч Их Британийн парламентад хандан мэдэгдэл хийхдээ улс оронд нь сүүлийн 13 хоногт үргэлжилж байгаа дайн тулааны талаар мэдээлэл өгч, 1940 онд Уинстон Черчиллийн хэлсэн

“Би хаана ч эх орныхоо төлөө тулалдах болно”

гэсэн үгийг иш татан хэлжээ.

Зеленский түүнчлэн мэдэгдэлдээ

“Бид эх орныхоо төлөө тэмцэж, үнэт зүйлээ хамгаална”

гэсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины тэргүүнд хандан:

-Их Британи улс болон бидний Холбоотнууд Украиныг бүх талаар дэмжих болно. Бид хэрэгтэй бол зэвсэг нийлүүлж, эх орон газар шороогоо хамгаалж байгаа Украинчуудад бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ. Түүнчлэн Украинд дипломат, хүмүүнлэгийн мөн эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэн Путины дэглэмийн эсрэг шахалт үзүүлсээр байх болно

гэжээ.