Эдийн засаг

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд 700 мянган иргэдийг НДШ болон ХХОАТ-аас зургаан сарын хугацаанд чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой УИХ холбогдох хуульд өөрчлөлт оруулан батласан.

Тэгвэл шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх журмыг ирэх долоо хоногт эцэслэн батлахаар болжээ. Тодруулбал, НДШ төлөгч иргэнийг сүүлийн хоёр сарын хугацаанд шимтгэл төлсөн дүнгээр нь дундажлан тооцож зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр журамд тусгана гэдгийг салбарын сайд хэллээ. Мөн хувиараа НДШ төлөгчдийг сарын 420 мянган төгрөгийн орлогоор тооцож, илүү төлөх хүсэлтэй хүмүүст боломжийг нь олгож байгаа юм байна.

ХУВИАРАА НДШ ТӨЛӨГЧДИЙГ САРЫН 420 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГООР БОДОЖ 6 САР ТӨЛСӨНД ТООЦНО

Мөн дампуурлаа зарласан Капитал банкнаас НД Болон ЭМДС-ийн мөнгөн хөрөнгүүдийг барагдуулах асуудал ямар шатанд явааг тодрууллаа. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хохирлыг барагдуулах шийдвэр гарсан байна. Улмаар НДС, ЭМДС-ийн хөрөнгийг төлбөр барагдуулах жагсаалтын тавдугаарт эрэмбэлэн оруулжээ. Ингэснээр дээрх өр төлбөр удахгүй шийдэгдэх хүлээлттэй байгааг хэлж байна.

Үүнээс гадна хүн амын амьжиргааны түвшинг бууруулахгүйгээр хүүхдийн мөнгөний хэмжээг 10 мянган төгрөг нэмэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийт 34 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн 20 мянган төгрөг 30 мянга болж байгаа юм. Хүүхдийн мөнгөний нэмэгдсэн тэтгэмжийг энэ сарын 20-25-ны хооронд олгохоор тооцжээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.130.000 хүүхэд хамрагдаж байна.