Эдийн засаг

Хэрэглээний зээл болон орон сууцны ипотекийн зээл хойшлуулах засгийн газрын шийдвэр арилжааны банкууд дээд очоод удаа дараа гацсан. Энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдийн гомдлын дагуу мэдээлэл сонслоо. Энэ үеэр ипотекийн зээлийг 6 сараас хойшлуулах хүсэлтийг тавдугаар сарын нэгэн хүртэл авна гэдгийг Төв банкны төлөөлөл хэллээ. Мөн үндсэн төлбөрт хүү тооцож, ямар нэгэн баримт шаардахгүйгээр зээлийн төлбөрийг хойшлуулах чиглэл өгчээ.

Өнөөдрийн байдлаар 97 мянган иргэн 4.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан байна. Цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямралтай энэ цагт ипотекийн зээлийг 6 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Тодруулбал, зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан иргэний зээлийг үндсэн төлбөрт хүү тооцож ямар нэг баримт шаардахгүйгээр хойшлуулах шийдвэрийг УИХ гаргасан. Одоогоор уг шийдвэрийн тогтоол болгон гараагүй байгаа ч арилжааны банкуудад иргэдийн хүсэлтийг авах чиглэл өгчээ. Гэвч банкууд иргэдийн хүсэлтийг авахгүй байхаас гадна үндсэн төлбөрт хүү тооцох асуудлыг хөндөж байгаа гомдол байнгын хороонд их ирсэн байна. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг гишүүд тодрууллаа.

ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ХОЙШЛУУЛАХДАА ИРГЭДЭЭС НОТЛОХ БАРИМТ ШААРДАХГҮЙ, ҮНДСЭН ТӨЛБӨРТ ХҮҮ ТООЦОХГҮЙ

Ипотекийн зээлийн эх үүсвэр хоёр төрлөөр санхүүжиж байгаа. Үүнд төрөөс хэрэгжүүлж буй зээл буюу төв банкны санхүүжилтээр Монголын ипотекийн корпораци дамжин санхүүжсэн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд буюу 72 мянган иргэн байгаа юм. Дээрх иргэд зээл авсан банкиндаа ирэх сарын нэгнээс өмнө хүсэлтээ гаргаснаар автоматаар зээлийн төлбөр хойшлоно гэлээ. Үлдсэн иргэд арилжааны банкны эх үүсвэрээс санхүүжсэн тул банктайгаа харилцан тохирч гэрээгээ шинэчлэн зээлийн төлбөрөө хойшлуулах юм байна. Цар тахал дэлхий нийтээр тархаж улс орны нөхцөл байдал амаргүй байгаа энэ цагт арилжааны банкууд түргэн шуурхай байх хэрэгтэйг гишүүд санууллаа.

Харин арилжааны банкуудаас авсан нийт зээлийн 90 хувь нь иргэдийн хэрэглээний зээл байна. Хэрэглээний зээл төлөлтийг гурван сараас хойшлуулах шийдвэрийг засгийн газар гаргасан. Гэвч банкууд иргэдээс төлбөрийн чадвар буурсан гэдгээ баримтаар нотол гэх шаардлага тавьж байгаа юм. Үүнээс гадна үндсэн төлбөрийг хойшлуулсан ч гурван сарын хугацаанд хүү тооцон авна гэдэг шаардлага ч тавьж байна. Тодруулбал, гурван сая төгрөгийн зээлтэй хүн гурван сар төлбөрөө хойшлуулснаар хүүнд нь 180 мянган төгрөг төлөхөөр байгаа юм. Тэгвэл иргэдийн хэрэглээний зээлийн үндсэн төлбөрт хүү тооцохгүй хойшлуулна гэдгийг хэлж байна.

Иргэдийн хэрэглээний зээл дотроо олон төрөл тул төв банк яг ямар зээлүүдийг хамруулах тодорхой журам гаргаж арилжааны банкуудад өгөх шаардлагатай байгааг хэллээ. Тиймээс төв банк цалин болон тэтгэврийн зээл малчны зээл зэрэг хэд хэдэн зээлийн төрлийг багтаасан журам гаргаж нэгдсэн байдлаар банкуудад хүргүүлэхээр боллоо.

Арилжааны банкууд ипотекийн зээлийг зургаан сараар, хэрэглээний зээлийг гурван сараар хойшлуулах шийдвэрт үндсэн төлбөрөөс хүү тооцох, орлого нотлох, зээл төлөх чадамжгүй гэдгээ батлах зэрэг олон шаардлага тавьж байгаа. Харин Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны зүгээс иргэдээс ямар нэг бичиг баримт шаардахгүй, хүсэлт өгсөн иргэдийн зээлийн хугацааг үндсэн төлбөрт хүү тооцохгүй хойшлуулна гэх чиглэл өгсөн байна. Тиймээс иргэд 5-р сарын нэгнээс өмнө ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтээ өгөх хэрэгтэй гэлээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ