Эдийн засаг

Иргэн аж ахуй нэгжүүдэд учирч байгаа эдийн засгийн хүндрэлийг хөнгөлөх зорилгоор Монгол банк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан. Үүнээс гадна арилжааны банкуудад заавал байлгах бэлэн мөнгөний нөөцийг хоёр пунктээр доошлуулсан. Ингэснээр 300 гаруй тэрбум төгрөгийн эргэлт үүсч иргэдийн хэрэглээний зээл төлөлтийг гурван сараар хойшлуулах боломж бүрдэнэ гэж засгийн газар үзсэн юм.

Гэвч арилжааны банкууд зээл төлөх хугацааг хойшлуулах асуудалд зээлээс чөлөөлөх гэж байгаа мэт хүндрэлтэй хандаж эхлэсэн. Энэ нь арилжааны банкууд иргэдийг төр засагтай нь үл тоохоос гадна залилж байгаа хэрбэр гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцоллоо.

Манай улсад арилжааны 14 банк гадна дотны эзэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл дэлхий нийт цар тахлаас сэргийлж эдийн засаг хүндрээд байгаа энэ үед төлбөрийн чадамжгүй гэдэгээ нотол зэргээр өндөр шалгуураа тавьсаар байгаа арилжааны банкуудыг иргэд шүүмжилж эхэллээ. Тиймээс 30 жил монополь байдал тогтоон ажиллаж байгаа банкуудын өнөөгийн тогтолцоог сайжруулахын тулд банкуудын өрсөлдөөнийг бий болгох замаар шинэчлэл хийх хэрэгтэйг УИХ-ын зарим гишүүд хэлж байна.