ЭМЯ болон ЭМДЕГ-аас давтан өвчилсөн иргэдэд эмийн багц өгөхгүй гэжээ 

Ковид-19 /дотоод/

Коронавирусийн аль ч хувилбараар давтан өвчлөх эрсдэл өндөр байна. Ялангуяа сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа. Манай улсын хувьд давтан өвчилсөн иргэдийн тоо ч багагүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Харин зарим өрхийн эрүүл мэндийн төв давтан өвчилсөн иргэдэд ковидын эмийн багц өгөхгүй гэж мэдэгдээд байгаа. Харин үүнийг ЭМДЕГ-аас няцаасан мэдэгдэл гаргажээ.   

Коронавирусийн халдварын тохиолдол он гарсаар эрс нэмэгдээд байна. Өрхийн эмнэлэг бүрт гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа 1000 орчим хүн байгааг эрүүл мэндийн байгууллагаас хэллээ. Өрхийн эмнэлгийн ачаалал их. Эмч нар эмнэлэгтээ болон гэрээр өвчтнүүдээ үзэхийн зэрэгцээ вакцин, шинжилгээ гээд ажлын ачаалал он гарсаар эрс нэмэгдснийг учирлаж байна.

Тухайлбал ХУД-ийн Манал-Үйлс ӨЭМТ-д өнөөдрийн байдлаар 1500 орчим хүн харьяалагдан коронавирусийн эмчилгээ хийлгэж байна. Өрхийн эмнэлэгт бүрт мянга орчим хүн хяналтад байгаа юм.

Өчигдрөөс нийгмийн сүлжээнд өрхийн эмнэлгүүд коронавирусийн давтан халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй гэсэн зар явсан нь олон нийтийг бухимдахад хүргэсэн.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон салбар яам, харьяа агентлагийн удирдлагууд цахим уулзалт хийж, давтан өвчилсөн иргэдэд эмийн багц олгохгүй байхыг эмч нарт мэдэгдсэн байна.

Эдгээр эмийн багцыг иргэд хувиараа худалдаж авбал дунджаар 70-80 мянган төгрөг болох юм. 

Коронавируст халдвар хөнгөн туссан иргэдийн хувьд гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Харин гэрээр эмчилгээ хийлгэсэн иргэдэд лист олгохгүй байна гэх асуудал мөн хөндөгдсөн. Тэгвэл сүүлийн 3 сараас дээш хугацаанд даатгал төлж байгаа хэн ч лист авах боломжтой. Үүнийг өрхийн эмнэлгээс бичиж өгч байгаа гэлээ. Харин ойрын хавьтал болсон иргэдэд лист олгохгүй гэдгийг онцолж байна.