Их Британи Улс иргэддээ цар тахлын бүүстер тун хийж байна

Ковид-19 /дэлхий/

Европын улс орнуудаас COVID-19 коронавирусний шинэ хувилбар болох омикрон Их Британи улсад хамгийн өндөр дэгдэлттэй байна. Тиймээс Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ жилийн зул сарын баярын хамгийн том бэлэг бол цар тахлын эсрэг бустер тундаа хамрагдан, эрүүл мэнд амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлэх явдал гэж иргэддээ хандан мэдэгджээ.  

Их Британид хоёр өдөр дараалан цар тахлын халдварын тохиолдол 100 мянгаас буухгүй байна. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зул сарын баярыг тохиолдуулан иргэддээ хандан хийсэн видео мэдэгдэлдээ коронавирусний эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдсан иргэддээ талархал илэрхийлж, цаашид цар тахлын дэгдэлтийг бууруулахын тулд иргэн бүр бустер тундаа хамрагдах шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Их Британийн эрх баригчид иргэдээ омикрон вирусний халдвараас сэргийлэхийн тулд бустер тун тарих үйл явцыг түргэсгэж, сүүлийн нэг хоногт энэ улсын 840 мянган иргэн вакциндаа хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар Их Британийн 12-оос дээш  насны иргэдийн 55% нь бустер тундаа хамрагдаж, хүн амын 82% нь хоёр тун вакцин хийлгэжээ.