Улс төрчид, олигархууд, нэр алдартнуудын оффшор дансны мэдээллийг ил болголоо

Үйл явдал

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Pandora Papers буюу дэлхийн нөлөө бүхий улс төрчид, баячууд, олигархууд, мөн олны танил нэр алдартай эрхмүүдийн офшор дансны тухай мэдээллийг олон нийтэд дэлгэн нийтэлсэн нь ихээхэн дуулиан шуугиан тарилаа.

Pandora Papers гэх баримтад офшор бүс дэх үйл ажиллагааны баримт бичгүүдийг хэсэгчлэн нийтэлсэн байна. Эдгээр баримтад эх сурвалжуудын мэдээлж байгаагаар офшор бүсийн бараг 12 сая гаруй баримт бичиг байгаа гэнэ.

Pandora Papers буюу Пандорагийн баримт бичгүүд гэж нэрлэн, олон нийтэд дэлгэж байгаа офшор бүсийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлд дэлхийн 45 улс орны 130 гаруй тэрбумтан, тэр дундаа Оросын нэр бүхий 46 иргэний нууц данс, 19 улс төрчийн гүйлгээний мэдээллүүд багтжээ.

Түүнчлэн Пандорагийн баримт бичгүүд дотор 90 гаруй улс орны 330 гаруй улс төрч, өндөр албан тушаалтнууд, тэр дундаа 35 улс орны тэргүүлэгчидтэй хамаатай баримтууд байгаа гэнэ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээлэлд дурьдсанаар тэд офшор бүс дэх 14 компаниас нийтдээ “нууцын зэрэглэлийн 2,94 терабайт мэдээлэл олж авчээ.

Пандорагийн баримт бичгүүдийг олж бүрдүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрээс 650 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлчид нэгдэн оролцсон байна.