Талибаны зэвсэгт дайчид сүүлийн 3 хоногт зургаа дахь хотоо булаан эзэллээ

Улс төр

Афганистанд дотоодын үймээн самуун, халдлага хүчирхийлэл газар авсаар байна. Талибаны зэвсэгт бүлэглэл дайралтаа үргэлжлүүлсээр сүүлийн 3 хоногт улсынхаа 6 томоохон хотыг хяналтандаа оруулсан байна. Талибаны зэвсэгт дайчид ийнхүү улс орондоо хяналтаа тогтоон, засгийн газрын хүчинтэй дайтаж байгаагаас олон улсын ажиглагчид Афганистаныг олон улсын алан хядлага, терроризмын төв болохоос эмээж байна. 

Афганистан улс Талибаны бүлэглэлийн хяналтанд шилжвэл магадгүй олон улсын алан хядлага, терроризмын төв бааз болон хувирч болзошгүй гэж Британийн зэвсэгт хүчний нэгдсэн командлалын тэргүүн асан, генерал Ричард Бэрронс мэдэгджээ. Исламын зэвсэгт дайчид энэ хооронд давшилтаа үргэлжлүүлсээр даваа гарагт Афганистаны 6 дахь томоохон хот, мужийн засаг захиргааны төвийг хяналтандаа оруулжээ.

Талибын зэвсэгт дайчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Кундуз мужийн төв Кундуз хотыг хяналтандаа оруулсан бол дахин давшилтаа үргэлжлүүлж, Сари-Пуль муж болон Тахар мужийн төв Талукан хотын засаг захиргааны төвүүдийг булаан эзэлсэн байна. Эдгээр хотууд нь Афганистаны хойд хэсэгт байрладаг учраас талибаны зэвсэгт дайчид улсынхаа стратегийн чухал байрлал бүхий газар нутгийг ийнхүү ээлж дараалан хяналтандаа оруулсаар байна.