Топ мэдээнүүд

ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн 12 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 2018 оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өсчээ. Бараа, үйлчилгээний үнэ өсөхөд хүнсний болон эмнэлгийн үйлчилгээ зэргийн үнэ голлон нөлөөлсөн байна.

Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь сэдэвт форум зохион байгуулагдаж байна. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс нь хэвийн ажиллаж эхэлсэн тохиолдолд жилдээ 20-30 сая долларыг эдийн засагт төвлөрүүлэх урьдчилсан тооцоотой. Гэвч засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэмжигдээгүй өдийг хүрсэн. Энэ байдал нь бусад бүсүүдэд ч хамааралтай байна. Тиймээс тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн нийгмийн даатгалын багц хуулинд өөрчлөлт орсон. Энэ асуудалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. Өөрчлөлт орсон хуулиудаас онцолбол: малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо. Мөн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдсэн, зарим иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэх зэрэг багц хуулинд 10 өөрчлөлт хийсэн байна.