Америкийн дипломатууд Иракт ажлын айлчлал хийж байна

Улс төр

Иракт ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын өндөр албаны дипломатууд Иракийн ерөнхийлөгч Бархам Салехд бараалхжээ. Уулзалт Багдад дахь Иракийн ерөнхийлөгчийн албан өргөөнд болсон байна.

Иракт ажлын айлчлал хийж байгаа Америкийн албаны хүмүүсийн багт Цагаан ордны Ойрхи Дорнод болоод Хойд Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Бретт МакГерк, Төрийн департаментын зөвлөх Дерек Чолле, Америкийн Гадаад хэргийн яамны Ойрхи Дорнодын бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Жои Худ болон Ойрхи Дорнодын бүс хариуцсан Америкийн Батлан хамгаалахын сайдын туслах Дана Строул нар багтаж байгаа юм.

Америкийн дипломат төлөөлөгчдийн баг Иракийн ерөнхийлөгчид бараалхах үеэрээ хоёр улсын харилцаа, улс төр, эдийн засаг, боловсрол соёлын салбарын хамтын ажиллагаа, мөн алан хядлага терроризмтай тэмцэх арга зам гэхчлэн маш өргөн хүрээний сэдвийг хөндөн хэлэлцсэн байна. Түүнчлэн бүс нутгийн болоод олон улсын анхаарал татсан олон асуудлаар санал бодол, байр сууриа солилцон, үр бүтээлтэй уулзалт хийжээ. Америкийн дипломатчдын баг Ойрхи Дорнодын улс орнуудаар энэ сарын 1-7-ны хооронд ажлын айлчлал хийж, Абу-Даби, Амман, Каир болон Эр Риядад саатжээ.