Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөр  төвийн  аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 07-р сарын 24-ний 20 цагаас 07-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус,  говийн бүс  нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19....+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд  хэсэг, Дорнод –Дарьгангын тал нутгаар +27....+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

2023 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  28-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутийн хойд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 радус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.