Украины тэргүүн Оросын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгчээ

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгчээ.

Зеленский ярилцлагадаа Украины эсрэг явуулж байгаа Оросын цэргийн ажиллагаа, түрэмгийллийн эсрэг ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлж, НАТО-ийн энхийг сахиулах ажиллаагаа, мөн улс орных нь эсрэг явуулж байгаа мэдээллийн дайн, фейк-хуурамч мэдээ мэдээллийн талаарх байр суурь, үзэл бодлоо хуваалцжээ.  

Украины тэргүүн Оросын “Медуза” сонины ерөнхий редактор Иван Колпаков, “Дождь” телевизийн сувгийн ерөнхий редактор Тихон Дзядко, сэтгүүлч-зохиолч Михаил Зыгарь, “Комменсант” сонины тусгай сурвалжлагч Владимир Соловьёв нарт ярилцлага өгчээ. Оросын тал Украины ерөнхийлөгчийн чөлөөт хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагад хориг тавихыг хүссэн ч хагас цаг үргэлжилсэн ярилцлага олон нийтэд хүрсэн байна.

Владимир Зеленский ярилцлагадаа Оросын тал улсынхаа эрчим хүчний салбарын чадавхийг Европын эсрэг зэвсэг болгон ашиглах ёсгүй гэдгийг тэмдэглэн хэлж, Оросын цэргийнхэний бүслэлтэд байгаа Мариуполь хот дахь хүмүүнлэгийн гамшиг, Украинд үргэлжилж байгаа цэрэг дайны ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Түүнчлэн Зеленский Оросын талтай яриа хэлэлцээ хийж, зэвсэгт хямралыг цаг алдалгүй таслан зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Украины тал цөмийн зэвсэггүй улс орны статусаа баталгаажуулж, Оросын цэргийн хүчнийг нэн даруй улсынхаа нутаг дэвсгэрээс гаргахыг шаардаж байна. Түүнчлэн Оросын талтай хийж байгаа тулаанд ялалт байгуулах тухай байр сууриа 2-р сарын 24-ний дайралтаас өмнөх байрлалд Оросын дайчдыг ухраах явдал гэж тодорхойлжээ.

Мөн түүнчлэн НАТО-ийн энхийг сахиулагчдыг Украинд оруулах Польшийн саналыг одоогоор төдийлөн дэмжихгүй байгаагаа ч хэлжээ. Зеленский Украины тал Донбассын бүс нутаг руу халдахаар бэлтгэж байсан гэх мэдээллийг фейк-худал ташаа мэдээлэл гэсэн байна. Түүнчлэн Украины нутаг дэвсгэрт Барууны орнуудын биологийн болон химийн лабораториуд байгаа гэсэн мэдээллийг ул үндэслэлгүй, онигооны мэдээлэл гэж хэлсэн байна.