Украины эрх баригчид агаарын орон зайг нь хаах уриалга дахин гаргалаа

Улс төр

Орос, Украины хоорондын цэрэг дайны хямрал дэгдээд бараг 20-иод хонож байна. Украины тал Оросын агаарын цохилт дайралтаас нутаг дэвсгэрээ хамгаалахын тулд олон улсын нийгэмлэгт хандан агаарын орон зайг нь хаалттай бүс болгохыг дахин хүсчээ. 

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Польш, Болгарын хамтрагчидтайгаа яриа хэлэлцээ явуулж, Оросын талаас ирж байгаа цохилт дайралт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. 

Хамгийн сүүлд ирүүлж байгаа мэдээллээр Оросын тал Украина Яворова дахь цэргийн полигон руу пуужингийн цохилт өгсөн байна. Украины Львов мужийн захирагчийн мэдээлснээр Оросын талаас Яворовад өгсөн цохилтод 35 хүн өртөн амиа алдаж, 134 хүн шархаджээ. Тэгвэл  Оросын Батлан хамгаалах яамны өглөөний шуурхай мэдээлэлд цэргийн полигон руу цохилт өгсөн талаар дурьдаагүй байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улсынх нь нутаг дэвсгэр Оросын агаарын цохилт дайралтад өртсөөр байгаа учраас олон улсын нийгэмлэг улсынх нь агаарын орон зайг хаалттай бүс болгох хүсэлтийг Польш, Болгарын тэргүүлэгчидтэй хэлэлцэх үеэрээ дахин тавьсан байна. Киевийн талаас тавьж байгаа энэ хүсэлтэд Европын орнууд одоогоор дэмжсэн хариу өгөхгүй байгаа юм.

Шалтгаан нь Украины агаарын орон зайд хориг тавих нь НАТО, Оросын хоорондын зөрчилдөөнийг хурцатгаж, магадгүй зөвхөн Орос-Украины хоорондын төдийгүй цаашлаад Европ тивийг хамарсан сөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байгаатай холбоотой.