Версалийн дээд уулзалтаар ЕХ-ны орнууд Оросын эсрэг дарамт шахалтаа үргэлжлүүлэхээр тогтлоо

Улс төр

Францын нийслэл Парис хотын дор байрлах Версаль хотноо ЕХ-ны дээд хэмжээний уулзалт боллоо. ЕХ-ны гишүүн улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид Украины дайн тулаан, Орос-Украины хямрал, үүнээс үүдэлтэй Европын эрчим хүчний үнэ өсч, хомсдол үүссэн нөхцөл байдлыг хэлэлцсэн юм. 

Версалийн уулзалтын үеэр ЕХ-ны удирдагчид Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсон явдлыг эрс шүүмжлэн буруутгаж, Украины талд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэн энэ улсын ардчилсан үнэт зүйлийг сэргээн босгоход туслах болно гэжээ. Түүнчлэн дайн тулааны бүсээс дүрвэн зугтаж байгаа иргэдэд бүх талаар дэмжин тусалж, Москва, Минскийн талуудад дарамт шахалт үзүүлсээр байх болно гэжээ. ЕХ-ны гишүүн улс орнууд түүнчлэн эгнээндээ Украин улсыг элсүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн ч үүнд цаг хугацаа шаардлагатай, ялангуяа Украинд дайн тулаан үргэлжилж байх үед Нэгдсэн Европын бүрэлдэхүүнд элсүүлэхэд олон асуудал тулгарах учраас үйл явцыг яаралгүйгээр, дүрэм журмын дагуу явуулахаар тогтжээ.  Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен энэ талаар мэдэгдэхдээ: -Украин улс ЕХ-нд нэгдэх хүсэлтээ гарган, бид ч энэхүү хүсэлтийг дэмжин хүлээн авч байна. Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бид энэ асуудлыг Киевийн хүсч байгаачлан яаралтай шийдвэрлэж өгөх боломжгүй байна. Гэсэн ч Украин улс Нэгдсэн Европын нэг хэсэг гэдэгтэй бид бүх талаар санал нэгдэж байгаа гэжээ. 

Версалийн дээд хэмжээний уулзалтаар түүнчлэн ОХУ-ын эсрэг авах ээлжит шатны хориг арга хэмжээний талаар ч хэлэлцжээ. Тухайлбал эрчим хүчний асуудал нэн тэргүүнд тавигдаж, ЕХ-ны улс орнуудын эрчим хүчний хэрэглээний 40 гаруй хувь Оросоос хамааралтай үед цаашид ямар арга алхам авахаа хэлэлцжээ. Европын улс орнууд Оросоос байгалийн хийнээс гадна их хэмжээний газрын тос, нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг юм. Энэ талаар Еврокомиссын тэргүүн байр сууриа илэрхийлэхдээ: -Бид Оросоос ирэх нефть, байгалийн хийн хоолойгоо хаахаар яарахгүй байна. Эхлээд бид энэхүү нийлүүлэлтийг орлох эх үүсвэрээ олох нь чухал гэжээ. Энэ зорилгоор ЕХ-ны тал эрчим хүч, газрын тос нийлүүлэх гуравдагч эх үүсвэрээ олж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг түргэсгэх шаардлагатай байна. Бид ирэх 5-р сарын дунд үе гэхэд Оросын байгалийн хий, нефть, нүүрсний хэрэглээнээс хэрхэн ангижрах бодлого төлөвлөгөөгөө боловсруулж, 2027 он хүртэлх Үндэсний болоод Европын нэгдсэн эх үүсвэрээ тодорхойлох болно гэжээ. 

Түүнчлэн Европын улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид Украины талд Европын сангаар дамжуулан цэрэг батлан хамгаалахын дэмжлэг үзүүлэх саналыг дэмжсэн байна. Үүний дагуу Украинд зэр зэвсэг худалдан авахад зориулж 500 сая еврогийн нэмэлт санхүүжилт олгохоор тогтжээ. Энэ асуудал дээр Европын улс орнууд нэгдмэл байр сууринд хүрсэн талаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. ЕХ-ны гишүүн орнууд түүнчлэн Нэгдсэн Европын батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Энэ хүрээнд улс орнууд цэрэг батлан хамгаалахын салбарт зарцуулах хөрөнгө төсвөө нэмэгдүүлэн, стратегийн дутагдлаа нөхөх арга хэмжээ авахаар тогтжээ.