ОХУ-ын Төрийн дум худал, хуурмаг мэдээлэл цацсны төлөө хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Үйл явдал

ОХУ-ын Төрийн Дум улсынхаа эрүүгийн хэргийн хариуцлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан, Оросын зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой фейк буюу эх сурвалжаар батлагдаагүй, худал хуурмаг мэдээлэл олон нийтэд цацвал үүрэх хариуцлагыг нь нэмэгдүүлэхээр тогтжээ. 

Эрүүгийн хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн дагуу худал хуурмаг мэдээллийг олон нийтэд санаатай цацвал их хэмжээний мөнгөн торгууль таавихаас гадна 15 жил хүртэл хорих ял оногдуулахаар өөрчилжээ. 

ОХУ-ын Төрийн Думын гишүүд эрүүгийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэн, хуулинд оруулах өөрчлөлтийг дэмжсэн байна. Төрийн Думын спикер Вячеслав Володины мэдэгдсэнээр “Америкийн олон нийтийн цахим сүлжээ Оросын эсрэг мэдээллийн дайн” явуулж байгаатай уялдан энэ талын хууль тогтоомж, хариуцлагын системийг чангатгах арга хэмжээ авахаас аргагүйд хүрснийг тэмдэглэсэн байна. Эрүүгийн хуулинд шинээр оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн дагуу олон нийтэд санаатайгаар худал хуурмаг, батлагдаагүй эх сурвалж бүхий мэдээлэл цацвал үүрүүлэх хариуцлагыг мөнгөн торгуулиас гадна 3 жил хорих ял, мөн хэрвээ үүнд албан тушаал эрх мэдлээ оролцуулсан бол 5-10 жил хүртэлх ял, түүнчлэн худал хуурмаг мэдээлэл цацаж, нийгэм олон нийтийг төөрөгдүүлэн сөрөг үр дагаварт хүргэвэл 15 жил хүртэл хорих ял оноохоор өөрчилжээ.