Камила-гийн эргэн тойрныхон нь түүнд их хүйтэн хандлаа гэж Томас Бах шүүмжиллээ

Спорт

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Камила Валиевагийн чөлөөт үзүүлбэр дэх хэцүү байдлыг харж байхдаа маш санаа зовсон. Түүний эргэн тойрныхон өсвөр насны энэ охинд их хүйтэн хандлаа гэж шүүүмжилжээ.

Камила Валиева чөлөөт үзүүлбэрийн финалын үеэр хэд хэдэн удаа унасныг харсан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах түүний төлөө санаа зовинож байгаагаа өнөөдөр /Баасан гараг/ хэвлэлийн хурал дээр илэрхийлжээ.

"Өчигдөр телевизороор тэмцээнийг харж байхдаа сэтгэл маш их өвдсөн гэдгээ би хэлэх ёстой. Би өөрөө тамирчин байсан хүний хувьд шахалт дарамтыг мэднэ. Гэхдээ энэ дарамт миний төсөөлснөөс хэтэрч байгаа нь харагдсан. Ялангуяа 15 настай охины хувьд..."

 гэж туялзуур жадны төрөлд өрсөлдөж байсан Бах ярьжээ.

"Та бүхэн биеийн хэлэмжийн хөдөлгөөн бүрээс маш их оюуны стрессийг мэдэрч болно. Магадгүй тэр (Камила) мөсөн талбайгаа аль эрт орхих хэрэгтэй байсан ч болох, гэхдээ тэр өөрийнхөө төлөө түүх үлдээхийг хичээсэн шүү дээ"

гэж цааш ярьжээ.

15 настай уран гулгалтын супер од Валиева Пүрэв гарагт болсон чөлөөт үзүүлбэртээ хоёр унаж, богино үзүүлбэрийн тэргүүн байраасаа огцом буурч нийлбэр оноогоор дөрөвдүгээрт орсон юм. Сэргээшийн дуулианы анхаарлын төвд орсон түүний шинжилгээнээс хориотой зүрхний эм триметазидин бодис илэрч хариу нь эерэг гарсан. Гэхдээ Даваа гарагт ОУ-ын Спортын арбитрын шүүх насанд хүрээгүй тамирчин учраас "хамгаалагдах ёстой хүн" гэдэг үндэслэлээр тэмцээнд өрсөлдөхийг зөвшөөрсөн юм. 

Үзүүлбэр нь амжилтгүй болж медалиас мултарсан Валиева маш их уйлж байсан. Дасгалжуулагч Этири Тутберидзе түүнийг шүүмжлэнгүй "Яагаад зөнд нь орхисон юм бэ?", "Яагаад тэмцээгүй юм?", "Яагаад гэдгээ надад тайлбарлаач, акселийн дараа чи зөнд нь орхисон. Яагаад?" гэж түүнийг мөсөн талбайгаас орж ирэнгүүт нь асуусан гэж гадны эх сурвалжид дурджээ.

Сүүлд дасгалжуулагч мөрөөр нь тэвэрч гараа тавих үед уран гулгагч охин уйлсан байна. 

Томас Бах Баасан гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр 

"Валиевад түүний хүрээлэгчид хэрхэн хандаж байгааг хараад ийм их хүйтэн байдал нь илт, чичрүүдэс хүрэм байсан. Түүнийг тайвшруулж, туслахын оронд.... хүйтэн уур амьсгал бидний өмнө харагдаж байсан"

гэжээ. 

Алдартай дасгалжуулагч Тутберидзе-гийн сургуулилалтын арга барил нь шүүмжлэл дагуулдаг. Тамирчдын урт хугацааны эрүүл мэндийг тэмцээний амжилтын төлөө арилждаг гэж шүүмжлүүлдэг байна. 17 нас хүрэнгүүт "Этиригийн дуусах хугацаа"-нд өртөж хүчээр зодог тайлууллаа гэж бусад дасгалжуулагч нар үздэг байна.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг одоо дасгалжуулагч Тутберидзе болон Валиевагийн дасгалжуулах багийн бусад гишүүдийг Камилагийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан шалгаж байна.

"Валиева-г гэр бүлийнхэн нь, найзууд нь дэмжиж, энэ хүнд байдлыг давахад хүмүүс туслаасай гэж миний ганц хүсэл байна"

гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ярьжээ.