Ковид-19

Афганистаны нийслэл Кабулд хийсэн ковид-19-ын санамсаргүй түүврийн шинжилгээгээр 500 иргэний гуравны нэг нь халдвартай байсан тухай тус улсын Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлжээ.

36.6 сая хүн амтай энэ улсын 12 мянга орчим иргэнд халдварын шинжилгээ хийгдсэнээс 2,704 иргэн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм. Тус улсын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Вахид Маяар хэлэхдээ

“Шинжилгээ хийх тусам өвчлөгсдийн тоо огцом нэмэгдэх магадлалтай байна”

хэмээжээ. Халдвар тархах үед Иранаас ирсэн 250 мянга гаруй Афгани иргэд ямар нэгэн байдлаар тусгаарлалтад ороогүй юм байна. Энэ улсын зарим иргэн хотынхоо нэр хүндийг унагахгүйн тулд өвчлөлөө нууж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа юм. Афганистаны Засгийн газраас цар тахалд зориулан ямар нэг дорвитой үйл ажиллагаа хийхгүй байгаа хэмээн олон орны эрх баригчид шүүмжилж  байна.