Ковид-19

Трамп өнгөрсөн долоо хоногт ахуйн ариутгагч бодисыг ковид-19-ын вирустэй хүмүүсийг эмчлэхэд ашиглаж болох тухай санаа гаргасан нь нэлээдгүй шуугиан дэгдээж, анагаахын мэргэжилтнүүд энэ санааг ихээр шүүмжилж байсан. АНУ-ын зарим эрх баригчдын зүгээс түүнийг өдөр тутмын хэвлэлийн хуралд оролгүй завсарласан нь дээр гэж зөвлөсөн юм байна.

Учир нь Трампын гаргаж байгаа шийдвэрүүд түүнийг 11-р сард ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Тиймээс хэсэг хугацаанд хуралд оролцолгүй завсарлага авсан Трамп өнгөрсөн Даваа гарагаас эргэн хуралдаа оролцож эхэлсэн байна. Хурлын үеэр Трамп хэлэхдээ

“Бид яаж энэ вирус үүссэнийг нарийн шалгаж байгаа. Гол нь вирусыг тараахгүй байх боломжтой байсан. Хэрвээ тэгж чадсан бол дэлхий даяар ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа”

хэмээжээ. Герман улсын хэвлэлд БНХАУ-аас тахлын нөхөн олговор авбал хэд болох тухай тооцоолсон мэдээлэл цацагдсан юм байна. Энэ мэдээнд ойролцоогоор 165 тэрбум долларыг Герман Улс Хятадаас нэхэмжлэх боломжтой гэж тооцоолсон байж. Харин ерөнхийлөгч Трамп энэ мэдээллээс иш татан

“Хэд гэдгийг тооцоолж үзээгүй ч, бид Германаас ч илүү хэмжээний нөхөн олговор авах эрхтэй”

хэмээн хурлын үеэр ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт “Политико” сайтад АНУ-ын Бүгд Найрамдах Намаас задарсан 57 хуудас дотоод бичиг баримт нийтлэгдсэн юм байна. Тэдгээр бичигт тус намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан зөвлөмжүүд байжээ. Харин зөвлөмжүүд дотор Дональд Трамп олны өмнө цар тахлын сэдвийг хөндөх бүрдээ Бээжингийн эрх баригчдын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, Хятадын талыг буруутгаж байх хэрэгтэйг зөвлөсөн байж. Энэ хоёр улс импорт, экспортын асуудлаас үүдэн харилцаа муутай байсан дээр вирусын тахал нөлөөлж харилцааг улам муутгаж байгааг хэвлэлүүд онцолсоор байгаа юм.