Ковид-19

Манай улсад коронавируст халдвар дахин нэгээр нэмэгдлээ. Өмнөх тохиолдлуудын адил зөөвөрлөгдсөн байна. Оросын Холбооны Улсаас ирж тусгаарлагдсан оюутанд гурав дахь шинжилгээг хийхэд коронавируст халдвартай болох нь тогтоогджээ. Харин Турк Улсын гурван иргэнээс коронавирус илэрсэн. Хоёр нь эдгэрээд байсан бол гурав дахь хүн мөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарах боломжтой болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ОХУ-аас ирж тусгаарлагдсан оюутнаас ковид-19 илэрлээ. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдлын тоо 36 болж байна. Давтан шинжилгээ буюу гурав дахь удаа хийгдсэн шинжилгээ хариу эерэг гарчээ. Халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлах хоногт өөрчлөлт оруулсан. Энэ нь зөв шийдвэр болсон гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн юм. Учир нь тухайн оюутанд 13 хоногийн дараа дахин шинжилгээ хийхэд хариу ийнхүү эерэг гарсан байна. 

Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэдийг болон тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулж, ажиглалтад авах үүднээс Дархан-Уул аймагт лаборатори нээсэн. ХӨСҮТ-өөс мэргэжилтэн томилогдон ажиллаж байна. Энэхүү лабораторид энэ сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 тээврийн жолооч болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарч, тухайн иргэдээс коронавируст халдвар илрээгүй гэдгийг мэдээллээ. Мөн тандалтын журмаар Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгээс нийт 29 сорьц зөөвөрлөн авчирж шинжилгээнд хамруулжээ.

Ковид-19 коронавируст халдвар авч, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан Турк Улсын иргэн эдгэрчээ. Цаашид тусгаарлах байранд шилжүүлэх ёстой ч өөрөө хүсэлт гаргасан учир үргэлжлүүлэн ХӨСҮТ-д хяналтад байлгахаар болсон байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ