Түгжрэл ихтэй бүсэд байрлах 59-н сургуульд цагийн зохицуулалт хийж хөдөлгөөний ачааллыг 12.5 хувь бууруулна 

Нийгэм

Ирэх 7 хоногоос бүх шатны боловсролын байгууллага 100 хувь танхимаар хичээллэнэ. Энэ нь иргэдийн өдөр тутмын толгойны өвчин болсон замын түгжрэлийг эрс нэмэгдүүлэхээр байгаа юм. Тэгвэл ерөнхий боловсролын 59-н сургуулийн хичээл орох хуваарьт өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр замын түгжрэлийг 10 гаруй хувь бууруулах тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ.

Омикрон хувилбарын давлагаа намжмал байдалд орж байна гэж УОК, Эрүүл мэндийн яамнаас үзэж байгаа. Тиймээс энэ сарын 28-ны өдрөөс эхлэх хичээлийн шинэ улирлыг 14 хоногоор наашлуулж ирэх Даваа гарагаас 100 хувь танхимын сургалт эхлэхээр засгийн газар шийдвэрлэсэн.

Нийслэлийн түгжрэлийг боловсролын салбар шийдчихлээ гэх цахим хошигнол оргүй биш үнэний ортой. Хичээл эхлэхтэй зэрэгцээд их хотын түгжрэл эрс нэмэгддэг тул нийслэлээс зарим зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал хотын хамгийн их түгжрэл ихтэй хэсгүүдэд байрлах 50 гаруй сургуульд цагийн зохицуулалт хийхээр яригдаж байна.

Албаны хүмүүсийн хийсэн тооцооллоор түгжрэл ихтэй бүсүүдэд байрлах сургуулиудад цагийн зохицуулалт хийснээр оргил ачааллын үеийн түгрэлийг 12.5 хувиар бууруулж чадна гэж үзжээ.

Одоогоор цагийн зохицуулалтыг ямар байдлаар хийх эцсийн шийдвэр гараагүй байна. Нийслэлийн засаг даргын захирамж эцэслэн гарснаар ямар сургуулиуд ямар цагийн хувиараар хичээлээ эхлэх нь тодорхой болох юм.