Зүүн Иерусалимд Палестины иргэдийг орон гэрээс нь хүчээр нүүлгэн шилжүүлжээ

Үйл явдал

Израилийн хууль сахиулагчид Зүүн Иерусалимын Шейх Жаррах дүүрэгт явуулсан тусгай ажиллагааны үеэр Палестины нэгэн гэр бүлийг орон гэрээс нь гаргаж, тэдний амьдарч байсан байшинг хүч хэрэглэн нураажээ. 

Израилийн цагдаа нар Зүүн Иерусалимд болсон жагсаал цуглаанд оролцсон хэргээр Палестины 20-иод иргэнийг, мөн Израилийн идэвхтнүүдийг баривчлан саатуулсан байна. Түүнчлэн Зүүн Иерусалимын Шейх-Жаррах дүүргээс Палестины иргэдийг хүч түрэмгийлэн гаргахаар тусгай ажиллагаа явуулсан юм. Палестины иргэдийг орон гэрээс нь хүчээр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа даваа гарагт эхэлж, улмаар барилгыг нурааснаар дуусгавар болжээ.

Амьдарч байсан байшингаа нураалгахыг эсэргүүцэн Палестины иргэн Махмуд Салхия байшингийнхаа дээвэр дээр гарч, хажуудаа хийн баллон тавьж, ойртвол нь дэлбэлэхээр заналхийлж байсан юм. Гэвч Израилийн цагдаа нар түүнийг хүчээр барилгаас гарган, улмаар барилгыг нураажээ.

Иерусалим хотын захиргаа энэ барилгыг нурааж, газар дээр нь тусгай сургууль барих захирамжийг 5 жилийн өмнө гаргасан ч саяхныг хүртэл газар өмчлөлийн маргаантай, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байжээ. Шейх-Жаррах дүүргээс Палестины 70-аад айл өрх, Зүүн Иерусалимаас 200-аад өрхийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.