Нийгэм

Тээврийн хэрэгслийнхээ 2016, 2017, 2018 оны торгуулиа төлсөн ч торгууль төлсөн мэдээлэл бүртгэгдээгүйгээс тухай жолооч тээврийн хэрэгслээ бусдад худалдан борлуулах, шилжүүлэхэд асуудал үүсдэг. Ялангуяа бэлэн бус торгуулийн төлбөрийг банкаар дамжуулан хийдэг ч төрийн санд мэдээлэл нь ороогүйгээс жолооч нар дахин торгууль төлөх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Бэлэн бус торгуулийн системийг цагдаагийн байгууллага 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний дата центр, арилжааны банкууд, бэлэн бус торгуулийн системийг хийсэн “Смарт слоушн” гэх гурван компанийн нэгдсэн үйл ажиллагаагаар иргэд торгуулиа төлдөг байжээ. Гэхдээ энэ нь бэлэн бус торгууль төлөх үедээ тухайн торгуулийн хуудас буюу шийтгэврийн бар кодыг хийж торгуулиа төлөх ёстой. Гэтэл зарим банкны теллерүүд ч, манай иргэд ч энэ талын мэдлэггүйгээсээ болоод овог нэр, регистр, машины дугаар гэхчилэнгээр өөр ямар нэгэн тэмдэглэгээ хийснээс болоод энэ нь төлөгдсөн төлөвт шилждэггүй байсныг эх сурвалжууд хэлж байна. Ийм байдлаар торгууль төлөгддөг байхад иргэдээс өдөрт 150-200 орчим санал гомдол ТЦА-нд ирдэг байжээ.

2016-2018 оны торгуулиа банкаар дамжуулан төлсөн ч мэдээлэл нь гардаггүй, торгуулиа төлсөн гэдэг төлөвд шилждэггүй зэрэг олон асуудал гардаг байсан нь жолооч нарын мэдээллээ буруу бичсэнтэй ч холбоотой байсныг ТЦА-аас мэдээллээ. Иргэдийн хувьд торгуулиа төлж байгаа бол зааврын дагуу төлбөрөө зөв хийх, нэр хаяг машины дугаар зэргээр үнэн зөв мэдээллэх шаардлагатайг хэлж байна.