Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Багахангай дүүргийн иргэн Д. Мөнгөнсүхийнх ард түмний хандиваар 2 өрөө байранд орлоо

  Г.Бадамлянхуа 2019-01-16 3923

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнгөрөгч 12-р сарын 31-ний өдөр иргэн Д.Мөнгөнсүхийн гэр шатсан харамсалтай хэрэг гарсан. Гэртэйгээ хамт эхнэрээ алдаж 3-14 насны 4 хүүхдийн хамтаар өвлийн тэсгэм хүйтэнд орох оронгүй үлдсэн тухай бид газар дээрэээс нь мэдээлж байсан. Тэгвэл Д.Мөнгөнсүхийнх сайхан сэтгэлт Монголчуудынхаа хандиваар Багахангай дүүрэгтээ 2 өрөө орон сууцанд орж байна. 8 хоног үргэлжилсэн хандивын аяны хүрээнд нийт 35,4 сая төгрөг цугларчээ. Д.Мөнгөнсүхийн гэр бүлд туслах зорилготой “Сүүн сэтгэл” хандивын аян 1-р сарын 11-ийг хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд хандивын дансанд нийт 35 сая 447 мянга 900 төгрөг цугларсан байна. Аян зохион байгуулагчид 29 сая 800 мянган төгрөгөөр Багахангай дүүргийн 1-р хороонд 2 өрөө байр авч, үлдсэн 5,6 сая төгрөгөөр 4 хүүхдэд нь хадгаламж нээсэн байна. Тэд энэ орон сууцыг 7 хоногийн өмнө худалдан авч, өдрийн сайныг сонгон өнөөдөр гэрийн эзэн Д. Мөнгөнсүхэд байрны түлхүүрийг нь гардууллаа.

“Сүүн сэтгэл” хандивын аяныг Багахангай дүүргийн иргэдээс сонгогдсон ажлын хэсэг болон “Алдарт эх” цахим нэгдлийнхэн голлон зохион байгуулжээ. “Алдарт эх” цахим нэгдлийн 600 гаруй ээж энэ аянд нэгдэж Мөнгөнсүхийн гэр бүлд сэтгэл санааны болон эд материал, мөнгөн дэмжлэг үзүүлжээ.

Найман хоног үргэлжилсэн хандивын аянд Багахангайчууд бүгд нэгдсэн юм. Мөн Монгол орны өнцөг булан бүр, мөн гадаадад суугаа элэг нэгт Монголчууд нэгдэж, сэтгэлийн өглөгөө хайрласан юм. Мөнгөн тусламжаас гадна эд материалын тусламжийн цуваа өнөөдөр ч ирсээр байлаа. Тухайлбал, Багахангай дүүргийн 2-р хорооны худалдаа эрхлэгчдээс Мөнгөнсүхийн гэр бүлийн 1 сарын хүнсний хэрэгцээг хангахаар болсон бол дүүргийн Улаан загалмайн хорооноос хувцас хэрэглэл хандивлалаа. Мөн хүүхдүүдийн анги хамт олны төлөөлөл болон эцэг эхчүүд нь нэгдэж хандив тусламж үзүүлсэн юм. Сүүн сэтгэл хандивын аян 8 хоног үргэлжилж, энэ сарын 11-ны өдөр хандивын дансыг хаажээ. Өнгөрсөн хугацаанд тусламж дэмжлэг үзүүлж, сайхан сэтгэлээрээ нэгдэж чадсан нийт монголчууддаа гэрийн эзэн Д.Мөнгөнсүх талархсан сэтгэлээ илэрхийллээ.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө