Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Куба улс шинэ удирдагчтай болно

  М.Даваадулам 2018-04-19 1107

Куба улс шинэ удирдагчтай болох гэж байна. Кастрогийн ахан дүүсийн  60 жил гаруй үргэлжилсэн засаглал дуусч байна. Рауль Кастрогийн Төрийн төв зөвлөлийг тэргүүлэх бүрэн эрхийн хугацаа дуусч, Кубын Парламент шинэ удирдагчаа лхагва гарагийн хуралдаанаараа сонгожээ. Шийдвэрээр өнөөдөр албан ёсоор танилцуулах юм байна. Төрийн төв зөвлөлийн даргад тус зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан, 57 настай Мигель Диас Канелийг нэр дэвшүүлсэн юм.

Кубын Парламент болох нэг танхимт Үндэсний ассамблейн пүрэв гарагийн хуралдаанаар Төрийн төв зөвлөлийн шинэ тэргүүний нэрийг зарлана. Кубын хуулийн дагуу Төрийн төв зөвлөлийн тэргүүн нь нэгэн зэрэг төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүний алба, үүрэг хүлээдэг.

Төрийн төв зөвлөлийн даргаас гадна зөвлөлийн 30 гишүүнийг ч мөн сонгожээ. 2008 оноос хойш Куба улсыг тэргүүлж байгаа Рауль Кастро шинээр эмхлэн байгуулагдах Төрийн төв зөвлөлд багтахгүй. Гэхдээ тэрээр 2021 он хүртэл Куба улсын цорын ганц албан ёсны улс төрийн хүчин болох Кубын Коммунист намын даргын албаа үргэлжлүүлэн хашина. Ингэснээр улс төрийн үйл хэрэгт, улс төрийн чухал шийдвэр гаргахад нөлөө үзүүлсэн хэвээр байх нь ээ.

Кастрогийн дараах Куба улс

Шинжээчдийн таамаглаж байгаачлан, Куба улсын шинэ төрийн тэргүүн нийгэм, эдийн засгийн хөгжлийн загварчлалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн тогтолцооны социалист өнгө төрхийг хадгалах гэнэ. Мөн 2010 онд Рауль Кастрогийн удирдлага дор эхлүүлсэн эдийн засаг дахь хувийн хэвшлийн тоог нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалт татах бодлогыг ч үргэлжлүүлэх бололтой.

Шинэ төрийн тэргүүнийг хоёр том асуудал хүлээж байгаа. Эхний асуудал бол эдийн засаг дахь хүнд нөхцөл байдал. Куба улс одоо 1990-ээд оноос хойшхи хамгийн хүнд эдийн засгийн хямралыг даван туулж байгаа гэж эдийн засагчид харж байна. Венесуэл улсаас хөнгөлөлттэй үнээр газрын тос авахаа зогсоосон. Учир нь Венесуэл улс ч өөрөө эдийн засгийн гүн хямралтай нүүр тулсан. Мөн хагас зуун жил гаруй үргэлжилж байгаа Вашингтоны худалдаа, эдийн засгийн хориг ч хүндхэн нөлөө үзүүлж байгаа.

Харин хоёр дахь том асуудал бол Америк – Кубын харилцаа муудаж байгаа. Хэдийгээр Барак Обама Ерөнхийлөгчийн үед хагас зуун жилийн дараа хоёр улс харилцаагаа сэргээж, эдийн засгийн хоригоо танаж эхэлсэн, дипломат төлөөлөгчдөө харилцан солилцсон. Харин 2017 оны 1-р сард Доналд Трамп Цагаан ордны тэргүүний суудалд сууснаар Кубын эсрэг дахин шинэ хязгаарлалтууд тогтоож эхэлсэн юм.

Мигель Диас Канель гэж хэн бэ?

Куба улсын шинэ төрийн тэргүүний суудалд нэр дэвшсэн, сонгогдох магадлал өндөртэй Мигель Диас Канеле гэж хэн бэ? Тэрээр 1960 оны 4-р сарын 20-нд Вилья-Клара мужийн Пласетас хотод мэндэлжээ. Өөрөөр хэлбэл, Фидель Кастрогийн тэргүүлсэн хувьсгал эрх чөлөөний аралд ялалт байгуулсны дараа мэндэлсэн нэгэн юм. Түүний эцэг механикч байсан бол ээж нь багш мэргэжилтэй байжээ.

Диас Канель 1982 онд Лас Вильясын төв их сургуулийг “инженер-цахилгаанчин” мэргэжлээр төгсчээ. 1982-1985 онуудад зэвсэгт хүчинд алба хааж, дараагаар нь төрөлх хотдоо их сургуульд багшилж байжээ. 1987 онд Кубын Залуу хувьсгалчдын эвсэлд нэгдэж, 1980-аад оны сүүлчээр Никарагуа дахь олон улсын ажиллагаанд оролцож байжээ.

1994 онд төрөлх Вилья Клара мужийнхаа Коммунист намын салбар зөвлөлийн 1-р нарийн бичгийн даргаар сонгогдож, улс төрийн, намын үйл хэрэг нь эхэлжээ. 2003 онд Рауль Кастрогийн санал болгосноор Кубын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоонд багтсан байна.

2009 онд Диас Канель Боловсролын сайдаар томилогдож, 2013 онд Төрийн төв зөвлөл, Сайд нарын зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч дарга болжээ.

Диас Канелийн хувьд 1959 оны хувьсгалд оролцож байгаагүй ч, Кубын төрийн өндөр албан тушаал хашиж байгаа анхны эрхэм болж байгаагаараа онцлогтой.

Мөн Диас Канель Куба улсын шинэ тэргүүнээр сонгогдвол, 1952 оноос хойш арлын улсыг тэргүүлж байгаа цэргийн бус эрхэм болох юм.

Рауль Кастрог залгамжлаж магадгүй гэгдэж байгаа эрхмийн хувийн амьдралын талаарх мэдээлэл нууцлагдмал байна. Эхний гэрлэлтээс хоёр хүүтэй, одоо их сургуулийн багш Лис Куэстетэй амьдардаг гэх мэдээлэл бий.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан