Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нагасакигийн бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэв

  М.Даваадулам 2017-08-09 1467

АНУ Япон улсад цөмийн бөмбөг хаяснаас хойш 72 жил өнгөрчээ. Түүхэнд хар толбо үлдээсэн энэ өдрийг нэхэн дурсаж, Японы өнцөг булан бүрээс, мөн дэлхийн олон улс орноос хүрэлцэн ирсэн хүмүүс Хирошима  болон Нагасаки хотуудад цуглан, цөмийн бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. 1945 оны 8-р сарын 6 болон 9-ний өдөр Америкийн сөнөөгч онгоц Японы Хирошима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясан юм. Энэ үйл явдлыг нэхэн дурсаж хонх дуугаргаж, цэцэрлэгт хүрээлэнд цугласан олон нэг минут дуугаа хураан, цөмийн бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

1945 оны 8-р сарын 9-ний өдрийн өглөөний 11 цаг 02 минутанд Америкийн сөнөөгч онгоц Японы Нагасакид цөмийн бөмбөг хаясан юм. Энэ үйл явдлыг нэхэн дурсаж мөн өдөр 11 цаг 2 минутанд хонх дуугаргаж, Нагасаки хотын цэцэрлэгт хүрээлэнд цугласан олон нэг минут дуугаа хураан, цөмийн бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ. Нагасаки хотын захирагч Томихиса Тауэ үүний дараагаар, Энхийн тунхаглалыг чангаар уншиж сонордуулсан байна. Тэрээр Зүүн Хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгоход улс орнуудыг хамтын хүчин чармайлт гаргахад уриалжээ.

Цөмийн дэлбэрэлт 1945 оны 8-р сарын 9-ний 11 цаг 02 минутад, газрын гадаргаас 500 метр өндөрт болжээ. Дэлбэрэлтийн хүч 21 килотонн байсан гэнэ. Нийт 110 кв.км газар нутгийг хамарчээ. Үүнээс 22 кв.км гадаргуу нь далайн ус, 84 кв.км талбай нь хүн ам тархуу суурьшсан газар байсан гэнэ.

Нагасаки мужийн гаргасан тайлан судалгаагаар, дэлбэрэлтийн цөмөөс 1 км тойрог газарт хүн амьтан хоромын доторт амьсгал хураажээ. Мөн 2 км тойрог дотор барилга байшин нурсан байна. Нагасаки хотын 52,000 барилгаас 14,000 нь нурж, 5,400 нь хэсэгчлэн нурсан байна. Нийт барилгын 12% нь л бүрэн бүтэн үлджээ.

1945 оны сүүлчээр Нагасаки хотод цөмийн бөмбөгдөлтийн улмаас амиа алдагсдын тоо 60-80 мянгад хүрсэн байжээ.

Энэ сарын 6-ны өдөр Япончууд Хирошимагийн бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэсэн. Хирошимагийн бөмбөгдөлтөд 140 гаруй мянган хүн амиа алджээ.

1945 оны 8-р сарын 6-ны өглөө Японы агаарын эсэргүүцэх хүчин Хирошима хот руу АНУ-ын цэргийн нисэх онгоцнууд дөхөн нисч байгааг тогтоосон ч, зэвсэгт хүчний удирдлага тэдний эсрэг гал нээхгүй байхыг үүрэг болгожээ. Ингэснээр Америкийн Агаарын зэвсэгт хүчний хурандаа Пол Тиббетсын удирдлаган доор “В-29” загварын “Энола Гей” сөнөөгч онгоц Хирошима хотын дээрээс “Жаал” нэртэй 4 тонны ураны бөмбөг хаяжээ. Цөмийн дэлбэрэлтийн улмаас 70-100 мянган хүн нас барсан байна.

Хирошима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяснаар 290 мянган хүн нас барж, харин амьд үлдсэн хүмүүс цацраг идэвжилтэд өртөж, хорт хавдар зэрэг хүнд өвчнөөр шаналж байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр цацраг идэвхт бодисонд өртсөн 183 мянга гаруй хүн эдгээр хоёр хотод бий.

АНУ нийт 9 цөмийн бөмбөг хаяхаар төлөвлөсөн байжээ. Эхлээд цөмийн бөмбөгийг тариалангийн талбайд, аль эсвэл далайд хаяхаар төлөвлөсөн ч, цөмийн бөмбөгийн туршилтыг үр дүнтэй байлгахын тулд хүн ам шигүү суурьшсан хот дээр хаяхаар болсон байна.

Хирошима хотыг эхний байгаар зүгээр нэг сонгоогүй. Энэ хот бүх л шаардлагыг хангаж байжээ. Тодруулбал, уулаар хүрээлэгдсэн тал газарт байрлалтай, намхан барилгуудтай, хурдан шатах модон барилгуудтай, хүн ам ихтэй учраас цөмийн бөмбөг хаясан тохиолдолд хамгийн олон хүн, олон барилга өртөн сүйдэх боломжтой байжээ.

Хирошима хотыг газрын хөрснөөс бүрэн арчжээ. Тухайн үеийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсаж байгаагаар, эхлээд тод гэрэл цацарч, удалгүй гэрлийн давалгаа явж, замдаа байсан бүхнийг шатааж, сүйтгэжээ. Хот бүхэлдээ үнсэн товрого болж, бөмбөгдөлтийн үеэр болон дараах хор уршгийн улмаас 140 мянган хүн нас баржээ. Тухайн үед хотод гал унтраах ус хүрэлцэхгүй, хүмүүс ангаж нас барж байсан байна. Тиймээс Хирошима хотын иргэд өнөөдөр ч усанд ариг гамтай ханддаг гэнэ.

Тиймээс амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхдээ “Кэнсуй” буюу “ус өргөх” тусгай ёслол үйлддэг байна. Ангаж үхсэн хүмүүсийн сүнс нь үргэлж ус хүсч байдаг гэдэг утгаар, энэ ёслолыг үйлдэж, бөмбөгдөлтийн дараа уух усгүйгээс нас барсан хүмүүсийн хойд насны зовлон шаналлыг нимгэлдэг гэж үздэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө