Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хятадын Сычуань мужид 7,0 магнитудын хүчтэй газар хөдөллөө

  М.Даваадулам 2017-08-09 1794

Хятадын Сычуань мужид 7,0 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 13 хүн амиа алдаж, 175 хүн бэртжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар мягмар гарагийн оройн 21 цаг 20 минутын орчимд эхэлсэн байна. Байгалийн онц үзэгдлийн улмаас 30,000 гаруй жуулчныг аюулгүй газарт нүүлгэжээ. Газар хөдлөлтийн бүсэд 200,000 гаруй хүн амьдардаг байна.

Газар хөдлөлтийн анхны чичирхийлэл Сычуань мужийн Цюжайгоу хошуунд мягмар гарагийн орой 21:19 цагт мэдрэгджээ. Хамгийн хүчтэй чичирхийлэл 7,0 магнитудын хүчтэй байсан гэнэ. Газар хөдлөлтийн цөм Сычуаний засаг захиргааны төв Чэнду хотоос баруун хойд зүгт 280-300 км зайтай, газрын 20 км гүнд байжээ.

Газар хөдлөлт Ланьжоу, Чунцин, Миньян, Сиань хотуудад мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 400 гаруй удаагийн чичирхийлэл бүртгэгджээ.

Байгалийн онц үзэгдлийн улмаас амиа алдагсдын дийлэнх нь гадаадын жуулчид байсан гэнэ. Мөн 30 гаруй хүн хүнд бэртэл авчээ. Газар хөдлөлт болох үед холгүй байрлах Үндэсний дархан цаазат газарт 100 гаруй жуулчин байжээ.

Газар хөдлөлтийн учруулсан хохирлын хэмжээг тооцох ажил үргэлжилж байна. БНХАУ-ын тусгай албадууд анхлан 10,000 гаруй барилга байшин нурсан мэдээлэл өгсөн.

Нгава-Төвөдийн автономит тойргийн эрх баригчид газар хөдлөлтийн учруулсан хохирлыг барагдуулах яаралтай төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Ойролцоох хошуу, тойргуудын эрүүл мэндийн нэгжүүд хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллаж байгаа гэнэ.

Мөн зэвсэгт хүчин, гал унтраах алба, цагдаагийн алба хаагчдыг газар хөдлөлтийн бүсэд илгээж, байгалийн онц үзэгдэлд өртсөн бүс нутгийн иргэдэд шаардлагатай эм тариа, хоол хүнс, дулаан хувцас, майхан зэргийг цуглуулах ажил хийгдэж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Засгийн газартаа хандаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Төрийн төв зөвлөлийн дарга Ли Кэцян салбар яам, агентлагуудад хандаж дахин газар хөдлөх эрсдлээс сэргийлж бүс нутгийн иргэдийг аюулгүй газарт нүүлгэхийг даалгасан байна.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми гамшгийн бүсэд 440 цэрэг, офицер болон 12 нисдэг тэрэг илгээжээ. Гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаанд зэвсэгт хүчний цацрагийн, химийн болон биологийн аюул ослоос хамгаалах анги нэгжүүд ч нэгдсэн байна.

Хятадын Сычуань муж газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Энд газар хөдлөлт ойр ойрхон болдог. 2008 онд болсон хүчтэй газар хөдлөлтөд 70,000 гаруй хүн амиа алдсан.

Сычуань муж 80 сая гаруй хүн амтай, Хятадын хамгийн шигүү суурьшилтай бүс нутгийн нэг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө