Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Венесуэлд цэргийн эргэлт хийхийг завдсан талаар эрх баригчид нь мэдээлэв

  М.Даваадулам 2017-08-07 2691

Венесуэлд цэргийн эргэлт хийхийг завджээ. Зэвсэглэсэн бослогыг Венесуэлийн эрх баригчид амжилттай дарсан тухай Каракас мэдээллээ. Валенсия хотын цэргүүд цаашид Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газарт захирагдаж чадахгүй гэдгээ видео бичлэгээр дамжуулан илэрхийлж, Үндсэн хуулийн тогтолцоог сэргээхээ амласан байна. Энэ мэдэгдэл цахим хуудсанд тавигдсанаас хэдхэн цагийн дараа Валенсия хотод террорист халдлага үйлдэхийг завдсан, гэмт этгээдүүдийг амжилттай дарсан тухай төрийн эрхийг баригч Нэгдсэн Социалист намын дарга, Үндсэн хуулийн ассамблейн гишүүн Дьосдадо Кабельо твиттертээ жиргэжээ. Халдлага үйлдэхийг завдсан этгээдүүд энгийн иргэд болохыг Каракас дараа нь мэдээлсэн юм.

Ахмад Хуан Кагуарипаногоор удирдуулсан хэсэг бүлэг цэргийн алба хаагч видео мэдэгдэл хийж, “Энэ бол төрийн эргэлт биш. Үндсэн хуулийн тогтолцоог иргэний болон цэргийн үйл ажиллагаагаар дамжуулан сэргээнэ” гэдгийг онцолжээ. Тэд өөрсдийгөө “41-р бригад” гэж нэрлээд, Николас Мадурогийн цуст харгислалыг таслан зогсоохоо мэдэгдсэн байна.

Үүнээс хэдхэн цагийн дараа зэвсэглэсэн бослого хийхийг завдсан этгээдүүдийг дарсан байна. Нийт 20 орчим хүн Валенсиягийн цэргийн бааз руу халдсанаас хоёрыг нь газар дээр нь устгаж, нэг хүнийг шархдуулан, 7 хүнийг баривчилжээ. Үлдсэн 10 хүнийг эрэн сурвалжилж байна.

Цэргийн баазыг эрх баригчид бүрэн хяналтандаа авсан, одоогоор нөхцөл байдал тайван байгаа гэнэ.

Улс даяарх бусад цэргийн баазуудад ч нөхцөл байдал хэвийн байгаа талаар мэдээллээ.

Харин Валенсия хотын гудамжаар цэргийн машин механизм явж, агаарт нисдэг тэрэг аюулгүй байдал сахиулж байгаа гэнэ.

Николас Мадуро цэрэг армидаа “талархав”

Энэ хэрэг явдлын дараа Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро төв телевизээрээ дамжуулан мэдэгдэл хийж, цэрэг армидаа талархал илэрхийллээ. Ням гарагийн өглөө болсон халдлагыг түргэн шуурхай дарсан зэвсэгт хүчний алба хаагчдын бэлэн байдлыг өндрөөр үнэлж, магтан сайшаажээ.

Халдлагыг ноён Мадуро “террорист ажиллагаа” гэж нэрлээд, хэн нэгний гар хөл болсон хүмүүс халдлага үйлдэхийг завдсан гэж хэллээ. Зугтсан этгээдүүдийг Аюулгүйн албаныхан эрэн сурвалжилж байгааг мэдэгдсэн юм.

Баривчилсан хүмүүс дунд цэргийн албанаас зугтсан дэслэгч байгаа гэнэ. Харин бусад хүмүүс нь цэргийн хувцас өмссөн энгийн иргэд гэж Венесуэлийн эрх баригчид мэдээллээ.

Мөн тэдгээрийг АНУ болон Колумб улсад байрлаж байгаа сөрөг хүчний лидерүүд дэмжиж байсан гэдгийг Ерөнхийлөгч Николас Мадуро тэмдэглэжээ.

Валенсия хотод бослогыг дэмжсэн жагсаал өчигдөр үдээс хойш болсон байна. Жагсагчдыг нулимс асгаруулагч хэрэглэн тараасан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Улс даяар нөхцөл байдал харьцангуй тайван байжээ.

Венесуэлийн Ерөнхий Прокурорыг огцруулжээ

Венесуэл улсад энэ оны 4-р сараас хойш эсэргүүцлийн жагсаал намжихгүй байна. Сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эрхийг өөрийн гарт төвлөрүүлж, ганц хүний засаглал тогтоох гэж байгаад буруутгаж байгаа юм. Өнгөрсөн 4 сарын хугацаанд энэ улсад эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын улмаас 100 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн бэртжээ.

Венесуэлд үүсээд байгаа улс төрийн эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд Ерөнхийлөгч Николас Мадуро Үндсэн хуулийн ассамблей хуралдуулахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр Үндсэн хуулийн ассамблейн сонгууль 7-р сарын 30-нд болсон ч, сөрөг хүчний нэг ч нэр дэвшигч өрсөлдөөгүй юм. Сонгуулийн дүнг ч будлиантуулсан хэрэгт Ерөнхийлөгч Николас Мадурог буруутгасан.

Үндсэн хуулийн ассамблей нь улс орны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, нэг танхимт Парламентаа тараах эрхтэй. Венесуэлийн Парламент болох Үндэсний ассамблей нь Мадуро Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн хяналтад байгаа нь ийнхүү улстөрийн маргаанд хөтөлжээ.

Үндсэн хуулийн ассамблей өнгөрсөн бямба гарагт анхны хуралдаанаа хийж, эхний хуралдаанаар улсын Ерөнхий прокурор Луиза Ортегаг огцруулах шийдвэр гаргасан юм. Луиза Ортега нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын хамтрагч байсан ч, сөрөг хүчинд урважээ.

Хэдий асар их газрын тосны нөөцтэй ч, Латин Америкийн энэ улс эдийн засгийн болон хүмүүнлэгийн гүн хямралд ороод байгаа юм. Улс даяар хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол үүсээд байгаа. Харин инфляци 700 гаруй хувиар хэмжигдэж, энэ хэвээр үргэлжилвэл ирэх онд дөрвөн оронтой тоонд шилжинэ гэж ОУВС анхааруулаад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө