Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оросын эсрэг хоригийг чангатгахыг Трамп дэмжив

  М.Даваадулам 2017-08-03 1899

АНУ Оросын эсрэг хоригоо чангатгахад бэлэн боллоо. Холбогдох хуулийн төслийг Ерөнхийлөгч Доналд Трамп үзэглэн баталжээ. АНУ-ын Конгрессын хоёр танхим өнгөрсөн долоо хоногт ОХУ, Иран болон БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай хуулийн төсөл хэлэлцэж, санал нэгтэйгээр баталсан юм. Хэдий Цагаан ордны тэргүүн хуулийн төслийг баталсан ч, энэ хууль улс орны Үндсэн хуулинд харшилж байна гэдгийг ч Трамп Ерөнхийлөгч онцолжээ. Учир нь хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессийн зөвшөөрөлгүй аливаа хоригийг цуцлах эрхгүй гэж заасан нь, Үндсэн хуулиар олгогдсон төрийн тэргүүний эрх үүргийг хязгаарласан юм.

Москвагийн эсрэг хориг

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн баталсан ОХУ-ын эсрэг хоригийг чангатгахтай холбоотой гүйцэтгэх зарлигуудыг эмхэтгэж, хуулийн төсөл боловсруулсан юм. Тодруулбал, 2014 оны 3-р сараас 2016 оны 12-р сар хооронд баталсан 5 зарлиг багтаж байна.

Шинээр баталсан хуулинд тусгасан хориг арга хэмжээ нь АНУ, ОХУ-ын цэрэг батлан хамгаалах, эрчим хүч, эдийн засгийн салбарын харилцаанд ихээхэн чөдөр тушаа болох хүлээлттэй байна. Харин сансар огторгуй судлах салбарт, тодруулбал, АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Оросын талаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад тавиад байсан бүх л хоригийг цуцалжээ.

Мөн ОХУ-ын Засгийн газрын ашиг сонирхолд нийцүүлэн кибер халдлага үйлдсэн тохиолдолд банкны дансыг нь царцаах, Америкийн виз олгохоос татгалзах зэрэг хориг арга хэмжээ авахаар тусгажээ.

Цагаан ордны бүрэн эрхийг “уландаа гишгэв”

Шинээр баталсан хууль нь АНУ-ын лидерийн хөл, гарыг “тушиж” байна. Үндсэн хуулиараа Цагаан ордны тэргүүн аливаа хориг арга хэмжээг хэсэгчлэн болон бүрэн цуцлах эрхтэй. Гэвч энэ эрх үүргийг нь хязгаарласан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч шинэ хуулинд тусгасан ОХУ, Иран болон БНАСАУ-ын эсрэг аливаа хоригийг цуцлахын тулд эхлээд хууль тогтоох дээд байгууллага Конгресст хандан бичгээр мэдэгдэнэ. Хүсэлт хүлээн авснаас хойш тухайн асуудлын хамрах хүрээнээс хамаарч 30-60 хоногийн дотор Конгресс хариугаа Ерөнхийлөгчид илгээх ёстой юм байна.

Харин одоо үйлчилж буй хоригийг бүрэн цуцлахын тулд зүгээр ч нэг шийдвэр гаргах бус, тусдаа хууль батлах ёстой гэж заажээ.

Америкийн Ерөнхийлөгчийн алба эрх үүргээ ийнхүү “боомилуулж” байгаа явдлыг нэг бус удаа эсэргүүцсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон Цагаан ордны захиргаа ч нэг бус удаа Конгресст хандан гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын уян хатан байдлыг хадгалж, шаардлагатай тохиолдолд Оросын эсрэг хоригийг чангатгаж, мөн зөөлрүүлэх эрхийг нь үлдээхийг хүсч байжээ.

ОХУ Америкийн 755 дипломатчийг эх оронд нь буцаана                                

АНУ Оросын эсрэг хоригоо чангатгахаар бэлтгэж байх зуур Москва ч аль хэдийнэ хариуг нь бариад эхэлсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ оны 9-р сарын 1-нээс өмнө Америкийн 755 дипломатчийг эх орноосоо гаргахаар шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр улсад харилцан үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнуудын тоо адил тэнцүү 455 болох юм.

Ирэх 9-р сарын 1-нээс ОХУ-ын нийслэл Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яам, Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток хотууд дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байгаа дипломат болон техникийн алба хаагчдын тоог 755-аар цөөлж, 455 болгоно. Учир нь АНУ ОХУ-ын нэр бүхий дипломат алба хаагчдыг эх орноосоо гаргасны дараа мөн тооны дипломат болон техникийн алба хаагч үлджээ.

Мөн Мэрилэнд дахь Оросын дипломат албаны төлөөлөгчдийн зусланг хааж, зусландаа очихыг хориглосны хариуд ч адил арга хэмжээ авсан байна. АНУ-ын дипломат төлөөлөгчдийн Москва хотын Замын гудамжин дахь агуулах байр болон Серебряный бор дахь зусланг ашиглах эрхийг энэ оны 8-р сарын 1-нээр дуусгавар болгожээ. Америкийн дипломат ажилтнууд агуулах болон зуслангаасаа бүх л эд зүйлсээ нүүлгэн шилжүүлээд байгаа.

ОХУ цаашид өөр бусад хариу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Путин үгүйсгэсэнгүй. Мөн АНУ-тай харилцах харилцаа өөрчлөгдөж болох ч, ойрын хугацаанд тийм зүйл болохгүй гэсэн хатуу байр суурь ч ноён Путин илэрхийлсэн юм.

Москвагийн дипломат төлөөлөгчдийг нь “цөөлөх” шийдвэрийг Вашингтон эсэргүүцэж байгаа. Москвагийн шийдвэр ямар нэгэн ул үндэслэлгүй гэж мэдэгдээд, өөр тайлбар хийхээс татгалзсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө