Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна

  М.Даваадулам 2017-08-01 3002

Дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг арми өнөөдөр 90 жилийнхээ ойтой золгож байна. 1927 оны 8-р сарын 1-ний өдөр Наньчаний бослогын дараа Хятадын аугаа удирдагч агсан Мао Цзэдуны удирдлага дор Коммунист намын харъялалд Ардын Чөлөөлөх армийг байгуулжээ. Цэргийн алба хаагчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг БНХАУ техник, хэрэгслийнхээ тоо, сүр хүчээр ч олон улсад тэргүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. 90 жилийн ойн хүрээнд Бээжин болон өөр бусад хотуудад олон нийтийг хамарсан баярын арга хэмжээ болж байна. Өнгөрсөн ням гарагт цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, цэрэг батлан хамгаалахын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээ харуулсан юм.

Цэргийн парад

7-р сарын 30-нд буюу өнгөрсөн ням гарагт Өвөр Монголын Өөртөө Засах орны Чжужихэ цэргийн полигонд Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ойн цэргийн сүрт жагсаал болсон. Жагсаалыг БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний удирдагч ноён Ши Жиньпин хүлээн авсан. Парадад зэвсэгт хүчний 12,000 алба хаагч, 600 гаруй нэгж техник хэрэгсэл, тэр дундаа 100 гаруй нисэх онгоц оролцжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, нийт техник хэрэгслийн 40% нь анх удаа иргэд, дэлхий нийтэд танилцуулагдсан байна.

БНХАУ цэргийн парад зохион байгуулах гэж байгаа мэдээг эцсийн мөч хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс нуусан. Зөвхөн өмнөх орой нь л олон нийтэд зарласан юм. Цэргийн парадыг сурвалжлан дамжуулах эрхийг гадаадын хэвлэлүүдэд олгоогүй. Хятадын төв телевиз, олон улсын болон үндэсний радио парадыг шууд дамжуулан сурвалжилжээ.

Парадын “техникийн” хэсгийг Армийн агаарын зэвсэгт хүчин нээсэн. 17 болон 24 онгоцоос бүрдсэн хоёр бүлэг нисэх онгоц агаарт “81” болон “90” гэсэн тоог дүрсэлсэн юм. 8-р сарын 1 бол Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсан өдөр, 90 гэдэг нь Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ойг илэрхийлжээ.

БНХАУ парадын үеэр дотооддоо үйлдвэрлэсэн DF-31AG загварын тив хоорондын баллистик пуужин анх удаа олонд харуулсан. Тус пуужин 10,000 км зайд тусах хүчин чадалтай.

Харин нисэх онгоцнуудаас 5 дахь үеийн шинэчилсэн J-20 сөнөөгч онгоц байлаа. Нэгэн зэрэг ийм загварын гурван нисэх онгоц хөөргөжээ.

Мөн шинэ үеийн J-16 загварын сөнөөгч онгоцыг ч харуулсан. Хятадын зэвсэгт хүчний цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч “Ляонин” хөлгийн зэвсэглэлд байдаг J-15 сөнөөгч онгоцыг ч хөөргөжээ.

Цэргийн парадын төгсгөлд БНХАУ-ын дарга, зэвсэгт хүчний командлагч Ши Жиньпин үг хэлэхдээ Хятад улс урьд өмнө нь байгаагүй хамгийн хүчирхэг цэрэг армийг бүрдүүлэх шаардлагатайг зарлаад, улс орны бүрэн бүтэн байдал, ашиг сонирхлыг хамгаалахын тулд энэ нь зайлшгүй алхам болохыг тэмдэглэсэн юм.

Цэргийн музей

Бээжин хот дахь Ардын Чөлөөлөх Армийн цэргийн музей 90 жилийн ойд зориулан үзэсгэлэн нээжээ. 1927 оны 8-р сарын 1-нээс эхлээд, цэргийн үүх түүхтэй холбоотой бүх л эд мөрийн баримтыг энд дэлгэсэн байна.

Музейн үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон төрийн бусад өндөр албан тушаалтнууд оролцжээ. 5 кв.км талбай бүхий үзэсгэлэнд мянга гаруй фото зураг, 1,300 гаруй эд үзмэр дэлгэжээ. Тэдгээрийн дийлэнхийг анх удаа олонд харуулж байгаагаараа мөн л онцлогтой юм.

Музейн гаднах талбайд 99А загварын танк, тив хоорондын баллистик пуужин хөөргөх төхөөрөмж зэргийг ч байрлуулжээ.

БНХАУ-ын зэвсэгт хүчин улс орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үргэлжид хөгжиж, өргөжин тэлж байсныг энэ үзэсгэлэнгээр харуулахыг зорьжээ.

Зэвсэгт хүчний шинэчлэл

БНХАУ-ын 5 дахь үеийн удирдагч Ши Жиньпин цэрэг, батлан хамгаалахын салбарт өргөн хүрээний шинэчлэл хийхийг уриалсан. Ингэснээр 2015 оны сүүлчээр шинэчлэл эхлүүлсэн нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээний өрчлөн шинэчлэл болсон юм. Зэвсэгт хүчний алба хаагчдын тоог 300 мянгаар цөөлж, 2 сая болгосноос гадна Зэвсэгт хүчний удирдлагын бүтэц бүрэлдэхүүнд ч томоохон өөрчлөн шинэчлэл хийжээ.

Тоон мэдээлэл

БНХАУ-ын цэрэг арми алба хаагчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. 1949 онд Хятадад иргэний дайн өндөрлөхөд 5.5 сая хүн цэргийн албанд идэвхтэй алба хааж байжээ. Хожим энэ тоо цөөрсөн ч, бүс нутгийн болон дотоод улс төрийн эмх замбараагүй байдлын үеэр нэмэгдсэн байдаг. 1951 онд Солонгосын дайны он жилүүдэд 6.27 саяд хүрч, 1975 онд Соёлын хувьсгалын үеэр 6.1 сая болжээ.

Өнөөдөр 2.3 сая хүн тогтмол цэргийн алба хааж байна. 2015 оны сүүлчээр цэргийн алба хаагчдын тоог 300 мянгаар цөөлөх зарлиг гарсан, үүнтэй холбогдуулан энэ оны сүүлч гэхэд 2 сая болгон цөөлөх хүлээлттэй байна.

Цэргийн төсөв

Хэдий цэргийн алба хаагчдынхаа тоог цөөлж байгаа ч, жилээс жилд БНХАУ цэрэг батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж байна.

Энэ онд л гэхэд БНХАУ-ын цэрэг батлан хамгаалах салбарын төсөв 7% нэмэгдэж, 152 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь БНХАУ-ын ДНБ-ийн 1.3%-ийг эзэлж байгаа юм.

Цэрэг батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээгээр БНХАУ АНУ-ын дараагаар дэлхийд 2-рт жагсдаг. Гэхдээ бодит байдал дээр Бээжин үүнээс илүү хөрөнгө зарлагадаж байгаа гэж шинжээчид харддаг юм.

Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар, БНХАУ 2016 онд цэрэг батлан хамгаалахын салбарт 215 тэрбум ам.доллар зарлагаджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө